Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн билээ.
Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.