Өнөөдөр иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаад зодуулснаас болж, бэртэл гэмтэл авсан тухай сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
-СОЛОНГОС УЛСАД ДАХИН ХАГАЛГААНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН ЭМЧИЙН ДҮГНЭЛТ ГАРСАН-
Мэдээллийн үеэр хэлэхдээ: “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Хэрэг бүртгэх албаны дарга хошууч Г.Энхтулга, Эрүүгийн төлөөлөгч, ахмад Ж.Батбаяр, Жижүүр хариуцсан мэргэжилтэн Д.Бүрэнбаатар нар намайг зодож, хөгжлийн бэрхшээлтэй болгосон. Ямар ч холбоогүй хүнийг надтай холбож, хамт хэрэг хийсэн гэж зодсон. Энэ хэрэг явдал 2018 оны дөрөвдүгээр сард болсон. Тэд намайг гавлаж, эрүүдэн шүүж байхад согтуу байсан. Зодуулсны улмаас би хөдөлмөрийн чадвараа 35 хувь алдсан. Одоо миний баруун хөл мэдээгүй болчихсон.
Би эдгээр цагдаа нарт гомдол гарган Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орсон боловч иргэний журмаар нэхэмжлэх тогтоол гаргаад өнгөрөөчихсөн. Энэ чинь эрүүгийн хэрэг шүү дээ. Миний биед учруулсан гэмтлээс болж хоёр удаа Монгол Улсад хагалгаанд орсон. Мөн Солонгос улсад дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Нэг жил гаруй хугацаа өнгөрөхөд эдгээр цагдаа нар миний хохирлыг барагдуулаагүй, ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй, ажлаа хийгээд явж байгаад маш их гомдолтой байна” гэв.