Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн дөрвөн орнуудаас бусад улсуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана гэж Оросын тал өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлахдаа, “Дотоодын шатахууны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад шатахууны үнийг бууруулах зорилготой” гэж оросууд мэдэгдэж байв.
Иймд ОХУ-ын дээрх шийдвэрээс болж манай улс шатахууны хомстолд орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Иймд өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд дээр АИ-92 бензин авах гэсэн иргэдийн урт дараалал ч үүсээд байв.
Харин өчигдөр /2023.10.09/ Уул уурхайн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж, “ОХУ-аас шатахуун хэвийн оруулж ирж, экспортыг үргэлжлүүлж эхэлсэн. ОХУ-ын хоригтой холбоотойгоор дотоодод шатахууны хомсдол үүсээгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл манай шатахуун импортлогч дотоодын компаниудад оросын тал, “монголд нийлүүлэх шатахууны нийлүүлэлтээ зогсоохгүй” гэж мэдэгдсэн талаар эх сурвалж бидэнд мэдээлэв.