Хугацаат цэргийн алба хаагчийн амийг хохироосон дарга нарын зүйл ангийг хөнгөрүүлэн шүүхээр болжээ

Хугацаат цэргийн алба хаагчийн амийг хохироосон дарга нарын зүйл ангийг хөнгөрүүлэн шүүхээр болжээ

Өнгөрсөн нэгдүгээр сард  хугацаат цэргийн алба хаагч Дорноговь аймгийн Сайншанд сум, тавдугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан билээ.

Орхон аймгийн харьяат, 19 настай талийгаач Б.Алтантулга цэрэг энэ оны 01-р сарын 22-ны өдөр амь насаа алдсан бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдаж байсан юм.

Уг хэрэгт буруутган ЗХЖШ-ын даргын тушаалаар 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, Захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа, Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, Дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж эрүүгийн хариуцлагад татсан байдаг.  Тэдэнд Эрүүгийн хуулийн  28.3.1. - Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх, 10.6. – Хүний амь санаатай хөнөөх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Хэргийг нэхэн сануулбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч С.О цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, зодож, хүч хэрэглэн, дэд ахлагч Р.Ванчинхангаа бүлэглэн захирагдагч, байлдагч Б.А, Н.Б, Б.Т, С.О, И.Б, Б.Т, Б.С, Ч.Б, Г.Б, Б.Б, Б.О, Ө.Ж, И.Г, К.К, Э.Б, Ч.Б, Ч.Т нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан байна. Энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсан гэсэн үг бөгөөд үүний улмаас улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг хохироосон байна.

Анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дэд ахлагч Р.Ванчинхангаа  бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн П Б цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Иймээс ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн нэг хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж А.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг оноов.

Мөн дэд ахлагч Р.Ванчинхангаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч Р.Ванчинхангаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг оноосон.

тухайн үед харуулд гарч байсан П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн билээ.

Харин Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг 12 сарын 3-ны өдөр хэлэлцээд А.Энхбаяр, Р.Ванчинхангаа нарыг “Хүний амь насыг санаатай хохироосон “ гэснийг  “ хүний амь насыг болгоомжгүй хохироосон ” гэж өөрчилж шүүхээр болжээ. Улмаар А.Энхбаярт оногдуулсан таван жилийг гурван жил  болгож, Р.Ванчинхангаад оногдуулсан таван жилийг зургаан сар болгож тус тус хөнгөрүүлсэн байна.