Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч Н.Сайнзаяа гал түймрийн аюулаас гурван хүний амь нас аварчээ.
Сэлэнгэ аймгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа:
-"Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч.Тухайн үед юу болсон бэ гэхээр 2019 оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүмүүс байгаа талаар мэдээлэл авсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан бөгөөд би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтэрхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа нь цаад өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг мөн авч гарсан.
Одоогоор гэрийн эзэн охин хоёрын биеийн байдал хэвийн. Харин гэрийн эзэгтэй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа гэсэн".