ХЭРЭГ: Хууран мэхэлж бага насны охиныг удаа дараа хүчиндсэн нэгэн компаний захирлыг баривчилжээ

ХЭРЭГ: Хууран мэхэлж бага насны охиныг удаа дараа хүчиндсэн нэгэн компаний захирлыг баривчилжээ

-АРХИДАН СОГТУУРАХ ҮЗЭГДЭЛ ЗАДГАЙРСАН ЭНЭ САРД ГЭМТ ХЭРЭГ ИХ ГАРЧ БАЙНА-

Арван хоёрдугаар сар гарсаар архидан согтууралт задгайрч иргэд эд цэнгэж байх хойгуур бяцхан үрс минь уйлсаар. Өдөр бүр согтуу эрийн гарт эрэмдэглүүлж аймшигтайгаар хүчирхийлүүлсэн охидоо бид яах вэ. Шоронгоос гараад удаагүй эр ах дүү хоёрыг харгисаар зодож дүүг нь эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Мөн дүүг нь эмнэлгээс гараад удаагүй байхад согтуурсан үедээ ах нь болох хоёрхон настай хүүг зэрэлгээр зодож амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргийн мэдээлэл түгээд байна.

Бид өдөр бүр харамсалтай гэхэд дэндүү харамсмаар мэдээлэл дунд амьдарч байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх нэг ч алхам хийхгүй байгаа юм. Бага насны хүүхэдтэй эцэг, эх та өдөр бүр болзошгүй аюулаас үрсээ хамгаалах алхам хийхгүй л бол ирээдүй болсон хүүхдүүдээ алдсаар байна.

-ХИЧЭЭЛЭЭ ТАРААД ЯВЖ БАЙСАН ОХИНД ГУДАМЖИНД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН-

“Үжин” төвд амьдарч буй 13 настай охин, хүчирхийллийн улмаас амаржсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Мөн хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан 9 настай охиныг гудамжинд 27 настай эрэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн байна. Эл хэрэг арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд гарсан бөгөөд охиныг цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авч хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

-ХУУРАН МЭХЭЛЖ 15 НАСТАЙ ОХИНЫГ УДАА ДАРАА ХҮЧИНДСЭН ЗАХИРАЛ БАРИГДЖЭЭ-

Бага насны хүүхэд тэр дундаа охидууд бүрэг ичимхий, гэмт этгээдийг бусармаг зүйл хийнэ гэдгийг тооцоолон бодох чадваргүй байдаг учраас золиос болдог. Гэмт этгээдүүд охидыг зарим үед хүч хэрэглэх бус хууран мэхэлж аргандаа оруулах замаар хүслээ гүйцэлдүүлэх нь элбэг байдаг аж.

Нэгэн хэргийн жишээ дурьдвал, амжиргааны төвшин доогуур айлын нэгэн охин ажил хийж мөнгө олох зорилгоор нэгэн газарт очиж хэсэгхэн хугацаанд ажилласан байна. Улмаар тус газрын захирал нь хууран мэхэлж, хүч хэрэглэх, зодох зэрэг олон арга хэрэглэж хүчинддэг байсан нь илэрчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг массажны газарт ажил хийхээр ирсэн 15 настай охиныг захирал удаа дараа хүчиндсэн байна. Сэжигтэн охиныг удаа дараа хүчирхийлдэг байснаа нуудаг байж. Охин энэ хэргийн талаар ээждээ хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ийнхүү хэрэг ил болсон байна. Уг хэргийг одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна. Сэжигтэн этгээд болох 35 настай Б.Б г цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

-ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ-

Өдөр бүр гэмт хэрэг гарч буй энэ үед эцэг, эхчүүд та бүхнийг урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэж байна. Бага насны хүүхэдтэй хүн бүр анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

  • Хүчирхийллийн талаар зөв ойлголт, хандлагатай байх хэрэгтэй ба хүчирхийллийн хор нөлөө, хүүхдэд илрэх шинж тэмдгийг мэддэг байх. Жишээ нь: Хүүхдийн тань зан ааш өөрчлөгдөж байгаа эсэх, айдас дарамттай болж байгаа эсэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ажиглаж байх,
  • Бага насны эмэгтэй хүүхдийг хамаатан садны хүнээр харуулж байсан ч гэсэн ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүйг санаж байх,
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
  • Эцэг эхчүүд хоорондоо зүй зохистой харилцдаг, ялангуяа хүүхдийнхээ дэргэд бие биедээ хүндэтгэлтэй хандах, зөрчил марган гарсан ч эв зүйгээр шийвэрлэдэг байх,
  • Таны охин/хүү цаг ямагт таны анхаарал, хайр халамж, аюулгүй орчин, хамгаалалд байх ёстойг санаж, хүүхэд өөрийгөө таньж үнэлэх, өөрийгөө болон бусдыг хайрлаж хүндэлдэг болгон төлөвшүүлэх
  • Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
  • Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн багш нартай уялдаа, холбоотой хамтран ажиллах. Хүүхдийн хоёр дахь гэр нь цэцэрлэг эсвэл сургууль тул багш, сурган хүмүүжүүлэгч нь тухайн хүүхдийн нөхцөл байдлыг сайтар мэдэж байдаг. Тиймээс хүүхдийн ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэхэд таны маш сайн хамтрагч байж чадна.
  • Та хүүхэддээ тулгарсан аливаа асуудалд тун ч мэдрэмжтэй хандаж охин/хүү-тэйгээ илэн далангүй ярилцаж шийвэрлэдэг, дотны зөвлөгч байх
  • Хүчирхийлэлд хүүхэд буруугүй гэдгийг ямагт санаж, түүнд учир холбогдлыг тайлбарлан ойлгуулж, халуун дотно харилцаа, хайр халамжаар дутаахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Та болон таны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа бол хүчирхийлэгч хэзээ ч сайн дураараа хүчирхийллээ зогсоохгүй гэдгийг ямагт санаж хорооны Хамтарсан баг, цагдаагийн байгууллага, хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагад хандах, шаардлагатай бол Түр хамгаалах байранд үнэ төлбөргүй байрлах, бусад үйлчилгээг авах боломжтойг ямагт санаж байх зайлшгүй шаардлагатай.