Өнгөрөгч 30-31-нийг шилжих шөнө “Өргөө амаржих газар”-т 37 настай эмэгтэй дөрөв дэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, эмч, сувилагч нар талийгаачид тонус өгөөд өвдөлттэй байна гэдэг шалтгаанаар натри залгаад бүтэн гурван цаг хараа хяналтгүй орхисноос амиа алдсан байна. Бид амь хохирогчийн төрсөн дүүтэй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа байхад уулзаж, дараах тодруулгыг авлаа.
БУРХАН БОЛСНООС ХОЙШХ НЭГ ЦАГИЙН ХУГАЦААНД ЮУ АМЖУУЛАВ
-37 настай эмэгтэй дөрөв дэх үрээ хэвлийдээ 9 сар бүтэн тээсэн хэрнээ эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдсан харамсалтай үйл явдлын тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Тавдугаар сарын 30-31-нийг шилжих шөнө эгч маань “Өргөө амаржих газар”-т дөрөв дэх үрээ төрүүлэх гэж хүлээж байгаад амь насаа алдлаа. Тухайн өдрийн оройны 10:30 цаг хүртэл эмнэлэгт нөхөртэйгээ цуг байсан. 11:30 хүртэл тонус өгч, өвдөөд байхаар нь сувилагч натри залгасан юм байна лээ. Биднийг шөнийн 04:00 цагт эмнэлэгт яваад ороход өнгөрчихсөн байсан. Сувилагч хэзээ хойно нь бидэнд “11:00 цагт натри залгаад гучин минутын дараа эргэж орсон. Тухайн үед зүгээр байсан” гэж бидэнд хэлсэн. Эмч нар нь яаралтай хагалгаанд ороод шөнийн 02:00 цагт гарч ирэхэд хэдийнэ бурхан болчихсон байсан. 11:30-02:00 цаг хүртэл ямар ч хараа хяналтгүй, тусламж авах бололцоогүйгээр өрөөнд хорьж ганцааранг нь орхисон, үнэхээр гайхаж байна. Ядаж сувилагчийн байнгын хяналт байгаагүй. Яаралтай тусламж үзүүлж амжаагүй юм билээ.
-Нөхөр нь хэдэн цагт орхиж гарсан бэ. Ар гэрийнхэнд нь харамсалтай мэдээллийг хэзээ дуулгасан бэ?
-Нөхөр нь шингэн залгуулахаас өмнө гараад явсан. Бурхан болсноос нь хойш нилээн хожуу мэдэгдсэн. Хамгийн хачирхалтай нь 02.00 цаг өнгөрөөд бурхан болоход 03.00 өнгөрч байхад нөхөрт нь хэлсэн байна лээ. Нөхөр нь яараад яваад очиход сэхээн амьдруулах тасагт яаралтай эмчилгээ хийгдэж байгаа гээд уулзуулахгүй худлаа ярьсан байсан. Нэгдүгээрт, ямар зорилготойгоор тэгж цаг хожсон юм бэ, хоёрдугаарт сувилагч нарын байнгын хяналт яасан бэ, гуравдугаарт тонустай хүнд ямар учраас натри залгасан бэ гэдэг асуудалд гайхаж байна. Бурхан болчихоод байхад нөхрийг нь байлгаад байсан шалтгаан нь "Бид тултал эмчилгээ хийж, арга хэмжээ авсан, эцэст нь аварч чадсангүй" гэж хэлэх гэж байсан гэж хардаж байна. Эцсийн дүгнэлт шүүхийн шинжилгээний хариугаар гарах байх.
-Ямар учир шалтгааны улмаас натри залгасан гэж тайлбарласан бэ?
-Тонус ихтэй учраас натри залгаж байна гэж тайлбарласан байна лээ. Найрлаганд нь юу байсан бэ. Одоо шүүхийн шинжилгээний хариу хүлээгээд байж байна. 12 цагийн дараа гарна. Эгч маань ямар нэгэн ужиг хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан. Ураг нь эхдээ халтай байсан юм бол ядаж эгчийн минь амийг аврахгүй яасан бэ.
-Тухайн үед жижүүр эмчээр ямар хүн ажиллаж байсан бэ, сувилагчаар нь хэн ажиллаж байв?
-Жижүүр эмч, эмчлэгч эмч нар байж харагдсан. Мөн ээлжийн сувилагч нь байсан. Одонтунгалаг гэх эмч байсан. Бид хариуцлагын асуудал нэхэж байна.
300 ЮМ УУ 500 ГРАММЫН ХОЁР ШИРХЭГ НАТРИ ТАВЬЧИХСАН МӨРТЛӨӨ ОГТ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙСАН
-Тонус өгч, өвдөж байна гэхэд эмч нар өөрт нь юу гэж хэлсэн байдаг юм бол?
-Энэ удаагийн хэвтэлт нь хоёр дах удаагийнх. Өмнө нь гурав хоног хэвтээд гэртээ байж байгаад дахиад ирээд байсан нь энэ. 23-ны өдөр “ихэс түрүүлэлттэй” гэдэг оношоор хэвтээд яг долоо хонож байсан. Өнгөрсөн Лхагва гарагт хагалгаанд оруулах гэтэл ургийн нь уушги төлжөөгүй байх магадлалтай гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан юм билээ. Төлөвлөгөөт хагалгаанд оруулах шаардлагагүй байсан юм бол сайн хянахгүй яасан юм бэ. Хяналтаа сайн хийж чадахгүй байсан бол эртхэн хагалгаанд оруулж эхийг нь аврахгүй яасан юм бэ. Ядаж нэгнийх нь амь насыг аврах сонголтыг биднээр хийлгэх ёстой биз дээ. Хүний амь яригдаж байгаа газарт камерийн систем байхгүй яасан юм бэ гэж харамсч байна. Хүмүүс бараа материалаа хамгаалах гэж камер суурилуулдаг шүү дээ. Бүр ядаж хонхыг нь гар хүрэх толгойн тус газарт нь байрлуулсан бол анхны тусламжаа авах байсан ч юм бил үү. Эмч нарын өөрсдийнх нь яриагаар 11:30-02:00 цагийн хооронд ямар ч хараа хяналтгүй байсан гэж байна лээ. Энэ хугацаанд яаж амь тавьсан бол.
-Өмнө нь ар гэрийнхэндээ биед нь ямар нэгэн зовиур илэрч байгаа тухай хэлж байсан уу?
-Өмнөх өдөр нь нөхөртөө гэдсээр нь базлаад байгаа тухай хэлж байсан юм билээ. Эмч нарын үгэнд орж, цаг нь болоогүй гэж итгээд хүлээгээд байсан. Уг нь ургаа бүтэн есөн сар тээгээд хангалттай хугацаа өнгөрсөн.
-Өнөөдөр өглөө эмч нар болоод эмнэлгийн удирдлагууд та бүхэнд ямар тайлбар хэлж байна вэ?
-Яаралтай тусламж үзүүлсэн, авах ёстой арга хэмжээнүүдийг авсан гэж хэлсэн. Үзүүлсэн гээд байгаа тусламжийнх нь бичлэг бий. Хажуугийн насилк дээр нь 300 юм уу 500 граммын хоёр ширхэг натри тавьчихсан мөртлөө огт хэрэглээгүй байсан. Хүчилтөрөгчийн маск нь нилээн цус болчихсон байдалтай байсан. Хожуу хойно нь тусламж үзүүлсэн гэж хэлэх гээд аманд нь хальт хүргээд тавьчихсан харагдсан. Энэ бүхэн тавилттай жүжиг шиг харагдсан болохоор бид олон нийтийн цахим сүлжээгээр цацсан. Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд ч нөлөөлж магадгүй гэж хардаж байна.
-Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хандав уу?
-Дөнгөж сая хандлаа. Гомдол гаргаж анхны мэдүүлгээ өгсөн.