Өнгөрөгч баасан гарагт хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хоёр настай хүүгийн мэдээ олныг цочирдуулаад байна.
Уг хэргийг мэдээлэл анх Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Г.Соёмбоос 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 20 минутанд ирүүлжээ. Тэрээр цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Хэрлэн сумын дөрөвдүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод 2 настай 11 сартай “С” нас барсан байна” гэх гомдол мэдээллийг өгчээ. Мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж сэжигтэнг саатуулан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат “Х” нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод байх гэртээ дагавар хүү “С”-ийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож амь насыг нь бүрэлгэсэн байжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийгдсэн, дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн төрсөн дүү болох нэг нас гурван сартай эрэгтэй хүүхдийг эмнэлэгт хэвттэл нь зодож хүндээр гэмтээсэн байсан аж. Түүнчлэн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр дүү нь хойд аавдаа зодуулж улмаар эмнэлэгт хэвтээд гарсан байжээ.
Хэрэгт холбогдогч “Х”-г 22-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасны дагуу баривчилсан. “Х” нь 2013, 2015, 2017, 2018, онуудад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 126.1, 155.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1-1, 17.1-2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт нийт 6 удаа ял шийтгүүлж 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үндсэн ялаас 6 сар 28 хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.