"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид энэ сарын 15-ны өдрийн /2023.09.15/ 07.00-16.00 цагийн хугацаанд ажил хаясан. Тус үйлдвэрийн удирдлагууд болон ажил хаялт зарласан ажилчдын төлөөлөл хуралдаж, хэлэлцээг эхлүүлсэн тул ажил хаялтыг энэ өдөр зогсоосон.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Хэлэлцээр өнөөдөр ч үргэлжилж байна. Эцсийн байдлаар шийдэлд хүрээгүй. Ажилчид 50 хувиар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьсан. Ажилтан, ажил олгогч нар ярилцаад 20 хувиар нэмэхээр ярилцаж байгаа. Мөн сайн ажилласан ажилчдын ажлыг гүйцэтгэлээр нь дүгнээд 20 хувийн нэмэгдэл дээр 10 хувийн нэмэгдлийг мөн өгөх талаар ярьж байгаа" гэсэн юм. Дүгнэвэл, нийт ажилчдын цалинг 20 хувиар тэдгээрээс үр дүнтэй ажилласанд нь дахин 10 хувийг нэмж олгохоор эхний байдлаар ярилцаж байгаа аж.