Б.Ганхуягийг "Нүүрсний" хэргээс нь магадгүй хэн нэгэн мулталж, тэрээр "Би жагсаалын хэргээр баригдсан" хэмээн ярьж эхэллээ

Б.Ганхуягийг "Нүүрсний" хэргээс нь магадгүй хэн нэгэн мулталж, тэрээр "Би жагсаалын хэргээр баригдсан" хэмээн ярьж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гараг /2023.09.12/-т товлосон ч, түр завсарласан. 

-Б.ГАНХУЯГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БИШ ЖАГСААЛЫН ГЭХ ХЭРЭГ ЯРИАД ЭХЭЛЛЭЭ-

Учир нь Б.Ганхуяг шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр, “Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл байгаа. Энэ зургаа бүгд хүн танилцуулсан асуудал. Нөгөө талаар Б.Ганхуяг намайг болон 11 хүн Б.Халиун /шүүгч/ таныг золиос болгочихлоо. Би энд золиослогдоод, тэд тэнд засагтайгаа тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй. Дандаа нүүрсний хэрэг, гэхдээ ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Би 2007 оноос энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэргийг яриад байгаа юм. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Жагсаал гээд 68 хүн баригдсан. Одоо би гав ганцаараа есөн сар болж байна. Байлга, байлга. Би байж л байя” хэмээн нэлээн зориг орсон, ноцтой мэдэгдэл хийж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Түүний энэхүү мэдэгдлээс нэг ноцтой зүйл ажиглагдаж байгаа нь “нүүрсний хэрэг хайцан бэ” гэсэн асуудал. Учир нь Б.Ганхуяг “ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Жагсаал гээд 68 хүн баригдсан” гэсэн юм.

Иймд түүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн “Нүүрсний хэрэг”-ийг замхруулж, түүнийг ердөө “жагсаал зохион байгуулж, турхирсан” гэх хэргээр шүүж байгаа юм биш биз гэх хардлага байна. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-д АТГ-аас мэдээлэл хийж, нүүрсний хэрэгт нэр холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эрдэнэс тавантолгойн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 17 хүний нэрийг зарласан ч, өнөөдөр эдгээр хүмүүс бараг мартагдаж байна.

ВИДЕО: Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг АТГ-аас зарлав

-Б.ГАНХУЯГИЙН НҮҮРСНИЙ ГЭХ ХЭРГҮҮДИЙГ ЗАМХРУУЛЖ, ЕРДӨӨ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ!-

“Нүүрсний хулгай”-н дуулианаар АТГ-аас Б.Ганхуягийн хамаарал бүхий этгээдүүд, авлигын сүлжээнийхнийг нь баривчлан цагдан хорьж, авлигын мөнгөөр санхүүжүүлсэн, худалдаж авсан хаус хотхон, орон сууц, оффисуудыг нь битүүмжилж шалгаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв.

Тухайлбал, Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 1.5 их наяд төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсныхаа хариуд тус компаниас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараараа Жаргалантын аманд 22 хаус бариулж, 17 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэдэг. Мөн Б.Ганхуягтай 69.7 тэрбум төгрөгийн “нууц гэрээ” байгуулж, авлига өгсөн хэргээр “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаярыг цагдан хорьсон. Улмаар Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь “Regis Place” барилгын 2, 3, 4 давхрын оффисууд, 13, 17, 19 давхрын орон сууцуудыг худалдсан. Мөн Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хамааралтай “Жаргалант” хотхон болон Т.Аюурсайханы хамааралтай “Ар гүнт вилла” хотхоноос тус бүр нэг хаус худалдсан. Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриалХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдорж нар нүхтийн аманд спорт цогцолбор, орон сууцны хотхон барихаар 7,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байсан зэрэг мэдээлэл гарч байв.

Тэгвэл “Эрдэнэс ТавантолгойХК-ийн захирал асан Б.Ганхуягийн нүүрсний хэрэг магадгүй замхарч, түүнийг ердөө жагсаал зохион байгуулж, бусдыг турхирсан гэх хэргээр шүүж байж болзошгүй байна. Хэрэв бидний энэхүү хардлага үнэн бол Б.Ганхуягийг нөлөө бүхий өндөр албан тушаалтан хаацайлж байгаа гэсэн үг.

-ЖАГСААЛЫН ҮЕЭР Б.ГАНХУЯГИЙГ БАРИВЧИЛЖ БАЙВ-

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-д болсон “Нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардсан” жагсаалын үеэр Эрдэнэс тавантолгой ХК-ий захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдорж нарын найман хүнийг баривчилсан. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдоод байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн гэж байв. Тухайлбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн талаар мэдээлж байлаа. Тэгвэл “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав” гэгчээр Б.Ганхуягийн холбогдсон гэх нүүрсний хэрэг замхарч, түүнийг ердөө жагсаал зохион байгуулж, турхирсан гэх үндэслэлээр шалгаж байж магадгүй байна.