ВИДЕО: Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд скүүтер унаж, зам тээврийн осолд холбогдсон 80 гаруй тохиолдол бүртгэгджээ

ВИДЕО: Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд скүүтер унаж, зам тээврийн осолд холбогдсон 80 гаруй тохиолдол бүртгэгджээ

Цахилгаан скүүтер болон дугуй унах нь түгжрэлийг бууруулах нэг алхам гэдгийг хэн бүр мэднэ. Хэдийгээр скүүтер хэрэглэх нь цөөн байсан ч өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр скүүтер түрээсийн үйлчилгээ нэвтэрснээр иргэд болон хүүхэд залуус цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөнд оролцох нь эрс нэмэгдсэн.

Иргэд энэхүү үйчилгээнд ам сайтай байгаа хэдий ч үүнтэй холбоотой зам тээврийн осол өсөн нэмэгдэж байгаа талаар тээврийн цагдаагийн газраас анхааруулж байгаа билээ. Иймд бид иргэд болон хүүхэд залууст скүүтертэй замын хөдөлгөөнд хэрэхэн зөв оролцох талаар мэдээлэл хүргэхээс гадна сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО: 

Нэн тэргүүнд яригдах ёстой асуудал бол насны хязгаар юм. Автомашинтай замын хөдөлгөөнд оролцохын тулд зайлшгүй насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй байх ёстой байдаг бол цахилгаан скүүтер унахад тийм дүрэм, журам байхгүй. Гагцхүү 14-өөс дээш насны хүүхэд болон иргэд замын хөдөлгөөнд оролцоно гэж зааж өгсөн байх аж. Тэгвэл бага насны хүүхдүүд скүүтер унаж яваад бэртэх тохиолдол хэр их гарч байгаа талаар болон ямар нэгэн хяналт шалгалт хийж, арга хэмжээ авдаг эсэхийг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр, “ Унадаг дугуй, скүүтертэй холбоотой зам тээврийн осол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр нэлээдгүй нэмэгдэж байна.

Скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасан унадаг дугуй, мопидоор хөдөлгөөнд оролцох журмаар зохицуулагддаг.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүний хувьд хамгийн түрүүнд яригдах зүйл бол нас байх ёстой бөгөөд 14 хүртэлх насны хүүхэд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчдын хяналтан дор унадаг дугуй болон түүнтэй ижил төрлийн спорт хэрэгслийг унаж явган хүний замаар явахыг зөвшөөрсөн байдаг. Харин 14-өөс дээш насны хүүхдүүд болон иргэд унадаг дугуйг унаад бие даан замын хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг” гэлээ.

Мөн скүүтертэй иргэд замын хөдөлгөний дүрэм зөрчих, урсгал сөрөх зэрэг үзэгдэл түгээмэл ажиглагддаг. Үүнийг замын хөдөлгөөөний ямар журмаар зохицуулж байдаг талаар тодруулсан юм. Тэрбээр, “Скүүтертэй иргэд унадаг дугуйн зам болон явган хүний замаар явах ёстой. Тэдгээр замаар явах боломжгүй байгаа тохиолдолд автомашин зорчих хэсгийн хамгийн баруун талыг баримтлан замын хөдөлгөөнд оролцоно гэсэн заалт бий. Сүүлийн үед унадаг дугуй болон цахилгаан скүүтертэй иргэд машинтай мөргөлдсөн зам тээврийн осол нэлээдгүй нэмэгдэж байгаа.

Гол шалтгаан нь иргэд зорчих хэсгийн хамгийн баруун талын хөвөөгөөр явах дүрмийг биелүүлэхгүй байгаагаас үүдэж осол гарч байна.

Мөн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд унадаг дугуй, скүүтерээсээ буугаад түрж явган зорчигчийн нэгэн адил зам хөндлөн гарах ёстой байдаг. Гэтэл энэ заалтыг биелүүлэхгүйгээр унадаг дугуй, скүүтертэй иргэд зорчих хэсгийн уулзвар хэсэгт автомашинтай нэгэн ижил зам гарч, гэрэл дохио зөрчиж, улаан гэрэл ассан байх үеэр зам хөндлөн гарч байна. Үүнээс болж авто машинд мөргүүлж, гэмтэж бэртсэн тохиолдлууд цөөнгүй бий" гэсэн юм. 

Энэ мэтчилэн иргэд цахилгаан скүүтертэй замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцохоо мэддэггүйгээс осол аваар их гардаг байна. Тэгвэл сүүлийн үед хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан сурагчид олноороо нэг цахилгаан скүүтер ашиглах, ямар нэгэн эд зүйлс тээвэрлэж яваа дүрс, бичлэг цахим орчинд нийтлэгдэх болсон. Иймд сэрэмжлүүлэг мөн зөвлөгөө болгох үүднээс скүүтертэй иргэдэд хориглох зүйлс болон дийлэнх тохиолдож буй зөрчлийн талаар тодрууллаа. “Скүүтерээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд сундалж явахыг хориглодог. Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай. Хоёрдугаарт орчныг мэдрэх боломжгүй болдог тул чихэвч зүүж, хөдөлгөөнд оролцож болохгүй. Мөн хөдөлгөөнд оролцох үедээ нэг гараар утас ашиглаж явахыг хориглоно. Мэдээж аюулгүй байдлаа хангахын тулд хамгаалах малгай өмссөн байх шаардлагатай.

Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа тохиолдолд унадаг дугуй болон цахилгаан скүүтертэй змын хөдөлгөөнд оролцохгүй байх зэргийг анхаарах ёстой”

-Энэ төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд замын цагдаагийн зүгээс ямар нэгэн шаардлага тавьж, арга хэмжээ ажилладаг болов уу?

Торгоно гэсэн зүйл, заалт байхгүй. Хэрвээ осол аваар гарсан тохиолдолд аль буруутай талд нь л шийдвэрлэгдэнэ. Магадгүй 14 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцоод зам тээврийн осол гаргасан бол эцэг эх, асран хамгаалагчийг торгоно. Мөн осол аваарааас сэргийлэх үүднээс шөнийн цагаар жолооч нарт өөрийгөө хөдөлгөөнд оролцож буйг анхааруулах зорилгоор аль болох гэрэл ойлгох шинж чанартай хувцас хэрэглэл хэрэглэх шаардлагатай байдаг” гэсэн юм. Мөн өнгөрсөн хугацаанд цахилгаан скүүтертэй холбоотой 80 гаруй ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд хүүхэд багачууд замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс осолд өртөх нь элбэг байгаа талаар дурдсан юм. Иймд эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, цахилгаан скүүтер хэрэглэж байгаа тохиолдолд хяналт тавихыг зөвлөж байна. Мөн энэ удаагийн сурвалжилгаар бид түрээсийн скүүтер үйлчигээг харлуулахыг зорьсонгүй. Гагцхүү иргэд тэр дундаа хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл, сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.