Улсын дээд шүүх энэ сарын 13 /2023.09.13/-ны өдөр "маш нууц"-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дөрөвдүгээр сарын 27 /2023.04.27/-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 28 /2023.06.28/-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Ө-д холбогдох /маш нууц/ хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Улмаар тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу "Төрийн нууцыг задруулах" гэмт хэрэгт холбогдсон Ө гэгч хэн байв гэдэг нь анхаарал татав. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээллээс үзэхэд магадгүй Ө гэгч нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга асан байж болзошгүй байна.
Учир нь түүнийг Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж, Хятадын Элчин сайд Цай Вэньрунд хандаж захирал бичсэн. Үүний ард байсан төрийн эсэргүүн гэх утгатай мэдээлэл нэг бус удаа гарч байжээ.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 06-нд Хятадын Элчин сайд Цай Вэньрунд хандаж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөлд санхүүжилт олгохгүй байхыг хүссэн бичиг явуулсан байдаг. Үүнээс үзвэл Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга асан С.Өлзийг дээрх хэрэгт холбогдуулан "маш нууц"-ын хэргээр шүүсэн байж болзошгүй байна. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахыг хүссэн ч "маш нууц"-ын хэрэг учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Сонирхуулахад, Үндсэн хуулийн 16.17-д "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална" гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.