ВИДЕО: “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарын олон тэрбум төгрөгөөр авсан автобуснууд "явах шугамгүй" тул шинээр нь хадгалж байна

ВИДЕО: “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарын олон тэрбум төгрөгөөр авсан автобуснууд "явах шугамгүй" тул шинээр нь хадгалж байна

Есдүгээр сарын 13-ы өдөр нэгэн иргэн шинээр нь хадгалж буй олон тооны улаан өнгийн автобусны талаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсан. Үүний дараа иргэд бухимдаж тус автобуснуудыг явахыг шаардаж олон талын таамаглал дэвшүүлсэн юм. Харин Нийслэл болон холбогдох албаныхан тус автобуснууд нь яаралтай үед хэрэглэх “нөөцийн автобуснууд” гэв. Өөрөөр хэлбэл автобусны хүрэлцээ бага, чиглэлийн автобус цөөн учир нийслэлийн автобусны буудлууд иргэдийн хөлд дарагдаж, зорчигчид бохир автобусанд шахалцаж байхад шинэ автобуснуудаа “есөн сар” нөөцөлсөн гэх тайлбар өгч байгаа юм.

ВИДЕО: 

Бид өнгөрсөн долдугаар сард Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарын авчирсан 224 автобусны 50 нь "шугамгүй"-н улмаас цоо шинээрээ шороонд дарагдан зогсож байгаа талаар сурвалжилж байсан. Энэ үеэр биднийг автобазуудаар явах үед шугамгүй 50 гаруй автобус шинээрээ хадгалагдаж байгааг холбогдох албаныхан хэлж байсан.

Мөн “шугам зам тээврийн хэрэгсэл саатах юм бол тэрэнд гаргах зорилгоор 20 автобус зогсоолдоо байдаг” гэдгийг ч дурдсан. Тухайн үед нөөцийн гэх автобуснууд нь автобазуудын хашаанд байсан. Иймд иргэний бичлэгт орсон хашаа дүүрэн улаан автобус нь нөөцийнх биш. Албаныхны ярьж буй нөөцийн автобус нь автобус баазуудын хашаанд бий.

Түүнчлэн өмнөх сурвалжилгын үеэр “шинээрээ хадгалагдаж байгаа 50 автобус ирэх наймдугаар сарын 15-ас шугамд гарна” гэж байсан ч өнөөдрийн /2023.09.15/ байдлаар эдгээр автобуснууд шугамд гаралгүй шинээрээ хадгалагдсан хэвээр байгаа юм.

Тиймээс бид шугамын асуудлын талаар дэлгэрүүлэн сурвалжлахаар “Ган хийц” ХК-ийн зогсоол бүхий хашааг зорилоо. Биднийг очиход иргэдийн шүүмжээс урьтаж, 50 гаруй шинэ автобусыг шилжүүлж байхтай таарсан юм.

Монгол Улсын сайд бөгөөд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад орсон Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сараас /2023.01.01/ эхлэн нийт 224 автобус шинэчлэн оруулж төрийн өмчит автобус баазуудад хуваарилсан. Гэвч шугамын байхгүйн улмаас эдгээр автобуснуудын 50 гаруй нь нийтийн тээвэрт явалгүй шинээрээ хадгалагдаж байгаа талаар бид өнгөрсөн долдугаар сард сурвалжилсан.

Тодруулбал, Нийтийн тээврийн парк шинэчлэлд нийт 318 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2023 онд их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 272 тэрбум төгрөг баталсан. Улмаар энэ оны нэгдүгээр сард 224 автобус хилээр орж ирж, төрийн өмчит автобазуудад хуваарилсан юм. Харин үлдсэн 586 автобусыг мөн энэ онд багтаан оруулж ирнэ.

Иймд Нийтийн тээврийн газар уг асуудалд зохицуулалт хийж шинэчлэлтээр орж ирж буй автобуснуудаа шугамд гаргахгүй бол дахин улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирэх 586 автобус шугамын асуудлаас үүдэж шинээрээ хадгалагдаж болзошгүй байна.

Учир нь манай улсын нийтийн тээврийн дийлэнх хувийн хувийн компаниуд гүйцэтгэдэг. Улмаар Нийтийн тээврийн газартай гэрээлсний дагуу хувийн компаниуд шугам сүлжээгээ ашиглаж буй. Ингэснээр нийтийн тээврийн 25 орчим хувийг бүрдүүлж буй төрийн өмчит автобазуудын шинээр нэмэгдэж буй автобуснууд шугамын асуудлаас үүдэж гацаад байна.

Энэ талаар иргэд, “бидний харж мэдсэнээр эдгээр автобуснууд хоёрдугаар сараас хойш энд байгаа. Бараг 70 автобус байдаг. Дандаа шинэ гоё автобуснууд бий. Гэтэл манай энд ганцхан хувийн компанийн автобус шугамд явдаг. Тэр автобус нь хүрэлцээ муутай жолооч нь ааштай доторх ариун цэвэр, үнэр авах юм байхгүй. Гэсэн ч нийтийн тээврээс шалгалтаар ирээд тэнцүүлээд буцдаг. Бид удаа дараа гомдол гаргасан ч хэн ч тоогоогүй. Энэ автобуснууд өвөл хүйтэн бүр шал нь онгорхой явж байсан ч тохиолдол байна. Мөн үргэлж  шахалцаж битүү явдаг учраас хүн ухаан алдаж байсан тохиолдол ч цөөнгүй бий. Тэгээд энэ сайхан шинэ автобуснуудаа явуулж өгөөч гээд ирж асуухаар шугам байхгүй гэх тайлбарыг өгдөг. Нийслэл энэ асуудлаа шийдвэрлэж, ард түмнээ хөл дүүжлэх унаатай болгож өгөөч гэж хүсмээр байна” гэсэн юм.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар “нийтийн тээвэр насжилтгүй болсон заавал шинэчилнэ. Энэ нь түгжрэлийг бууруулах гол ажлуудыг нэг” хэмээн улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр автобус авахдаа Улаанбаатар хотын шугамын асуудлаа ч судлаагүй эсвэл шийдвэрлэлгүй оруулж ирсэн нь ийнхүү автобуснуудыг шинээр нь хадгалагдах нөхцөлийг бүрдүүлээд байна.

.