Автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг ачихдаа жолооч, эзэмшигчид дуулгахын оронд хаашаа ачиж буйгаа ч мэдэгдэлгүй зөөвөрлөөд авч явдаг тухай гомдол иргэдээс тогтмол гардаг байна. Энэ нь түгжрэлийг бууруулах үйлчилгээ гэхээсээ илүү замбараагүй, дураараа авирладаг үйлдэл болж буйг нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ачилтын компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзах үеэрээ хэлжээ.
Энэ үеэр Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Ачилтын компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэнд хохирол учирсан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсаар болон цахим хуудсаар өргөдлөө гаргах боломжтой” гэж хэлсэн юм.
Мөн жолооч, ачигч нарт автомашиныг ачихдаа иргэдийн эд хөрөнгийг гэмтээхгүй байх, дүүрэг дамжин ачихгүй байх, жолооч ачигч нарыг соёлтой үйлчлэх сургалтад хамруулах, цахим сүлжээ, хяналтын технологи ашиглах, эзэмшигч нарын гар утсанд мессеж илгээж мэдэгдэж байх, тээвэрлэлт дээр НӨАТ-ын баримт өгч байх зэргээр үйлчилгээгээ сайжруулж ажиллахыг ААН-үүдэд үүрэг болгосон байна.
Уулзалтад Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон компаниудын төлөөлөл оролцлоо. Холбооны тэргүүн Б.Наранбаатар, “Бид ачигч бүх автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо үүрэн телефоны оператор 4 компанийн төлөөлөлтэй ярилцаад тусгай дугаараар үйлчлэх гэрээ хийгээд байна. Программ хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болно” гэдгийг мэдэгдсэн байна.