ВИДЕО: “Hi sainuu” түрээсийн дугуйг иргэд тонож, санаатайгаар эвдсэнээр 14 хоногт 270 гаруй дугуйг дахин ажиллах боломжгүй болгожээ

ВИДЕО: “Hi sainuu” түрээсийн дугуйг иргэд тонож, санаатайгаар эвдсэнээр 14 хоногт 270 гаруй дугуйг дахин ажиллах боломжгүй болгожээ

“Хулгайч, худалч бүхнийг идэх завших хүсэлтэй 76 гишүүн төр барьдаг тул Монгол Улс хөгжих нь худлаа. Бидэнд угаас ирээдүй байхгүй. Тэгээд ч бүтэхгүй ингээд ч бүтэхгүй” гэх үгийг бид ажил, сургууль, гэр, такси гээд явсан газар бүртээ олонтоо сонсдог. Төрөө шүүж тамхиа цонхоороо шидэх машинтай залуусаар их хот дүүрч “угаасаа бүтэхгүй” хэмээн улсынхаа төлөө шүүмж бичихээс хэтрэхгүй иргэдээр сошиал дүүрсэн энэ үед нийслэлчүүдийн үнэн төрх, ухамсар ямар байгааг өнгөрсөн 14 хоногт хэрэгжсэн дугуй түрээсийн үйлчилгээ харуулав.

Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод дэлхийн томоохон хотуудын жишиг стандартын дагуу “Hi sainuu” дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлж, тус компанийн залуус шар, цэнхэр өнгийн мянган дугуйг үйлчилгээнд гаргасан. Ингэхдээ нийтийн эзэмшлийн талбайд дугуйгаа олноор байршуулж, эхний 30 секунд үнэгүй. Үүнээс хойш 15 минут нь мянган төгрөг байхаар тооцоолж, замын ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэхээр эл үйлчилгээг эхлүүлжээ. Гэвч өнөөдрийн байдлаар 14 хоногийн өмнө шинээрээ гарсан мянган дугуйнаас 270 гаруйн санаатай болон санаандгүй эвдрэл, гэмтлийн улмаас явах боломжгүй болж, арван дугуй тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар тоногджээ. Тус дугуйнуудын зах зээлийн үнэлгээ нь нэг бүр 720 мянган төгрөг. Мөн дугуйнуудад илэрч буй хамгийн их механик гэмтэл нь QR кодыг ажиллагаагүй болгох үүднээс будах хагалах, байршил тогтоогчийг нь салгах үүднээс тастагчаар тастах, гинжийг нь санаатай таслах, саналыг нь авах урж сэглэх гэхчлэн ихэвчлэн хүний гараар санаатай үйлдэгдсэн эвдрэлээс үүдэж 270 гаруй дугуй ямар ч ашиглах боломжгүй болжээ. Иймд бид энэ талаар сурвалжлахаар “Hi sainuu” компанийн залуусыг зорьсон юм.

ВИДЕО: 

Тэдний хэлж буйгаар эвдрэл ганц асуудал биш дугуй цуглуулах мөн нэлээд асуудалтай байдаг. Хэрэглэгчид гэр хороололд аваачаад амбаартаа түгждэг, хашаанаас гаргаж өгдөггүй эсвэл бэлх, сэлх гээд бидний тогтоосон тойргоос хол амралтын газар хаяна. Үгүй бол голын эрэг бургас, шавар дунд шидэж бас гацааж орхих тохиолдол маш их байгааг дурдаж байв. Гэсэн ч тэдний хувьд хэрэв хэрэглэгчид маань соёлтой болбол биднээс шалтгаалах бүхнээ хийж, энэхүү үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгож дахин мянга мянгаар нь чанартай дугуй оруулж ирнэ гэх.

Энэ талаар “Hi, Sainuu” компанийн нягтлан бодогч, менежер О.Баасанням “Яаж ч бодсон түрээсийн дугуй миний дугуй биш юм чинь дугуйг нийтийн эзэмшлийн газар нь орхих нь зүйтэй. Гэтэл хүмүүс яг тэгэхгүйгээр гэр лүүгээ оруулдаг. Амбаартаа оруулж түгждэг тохиолдол их гардаг. Манай хүмүүс өдөр болгон очиж айлын хашаа тогшоод “дугуй гаргаад өгчих” гэхэд гаргаж өгдөггүй ч юм уу. Бид уншуулаад GPS-ээр нь дугаргаад өөрсдөө “энд байна” гэж хэлж байж гэрт нь орж авах ч юм уу тиймэрхүү хүндрэлтэй тохиолдлууд маш их гарч байгаа.

Ер нь өдөрт ирсэн дугуйнаас арван дугуйны хоёр нь суудалгүй ирж байгаа. Хамгийн их механик гэмтэл гэвэл QR код уншдаг төхөөрөмжийг нь эвддэг, дугуйны гинж тасалдаг. Зүгээр сул гинж биш шууд тастагчаар тастсан гинжтэй дугуй олон байгаа.

Бидний ажлыг ойлгож, дугуйгаа нийтийн эзэмшлийн зам талбай дээр орхих юм бол маш их баярламаар байна. Эвдрэл гэмтэлтэй дугуй байвал нийтийн эзэмшлийн газарт орхивол зүгээр байна. Тэгэхгүй бол хүмүүс бүр ууланд аваачиж хаягдаг, Бэлх, Сэлх гээд бидний гаргасан хүрээнээс хол газар аваачиж тавьсан дугуй маш их байгаа. Мөн голын эргээр хүмүүс дугуй аваачаад ямар ч хүн явах боломжгүй газар түлхэж хаясан байдаг. Өнөөдөр бас тиймэрхүү дугуй цуглуулж яваа хүмүүсийн бичлэг ирсэн байгаа.

-САНАМСАРГҮЙ ХАЯСАН ГЭХЭД АРАЙ ОЛОН ТООНЫ ДУГУЙГ ГОЛЫН УСНААС ОЛСОН-

Төсөл эхэлснээс хойш ус руу хаясан гол дотор байгаа таван дугуйг манай хүмүүс авч ирсэн. Бараг зүгээр дугуйг ус руу шидэж байгаа үйлдлийг үнэнийг хэлэхэд сайн ойлгохгүй гайхаад л байна. Санамсаргүй унагаасан гэхэд арай олон тооны дугуй байгаа.

Аппликейшн мэддэг болсон. Дугуйг хаана тавьдаг болсноо ойлгодог болсон. Хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдсөн тохиолдолд бид бас дугуйн хүрэлцээгээ хангалттай хэмжээгээр нэмэгдүүлэхээр ажиллана.

Бүр суудлыг нь аваад өөр суудал хийсэн хүмүүс ч байгаа. Тэгж унаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, “Танаас гадна нэг сая гаруй хүн амьдардаг Улаанбаатар хотод та өөрийгөө гэлгүй бусад хүмүүсийг бодож илүү соёлтой илүү олон унаж хэрэглэнэ гэсэн хандлагаар хандаж нийтийн эзэмшлийн юманд ариг гамтай хандаарай. Тэгвэл биднээс шалтгаалах юм аа бид хийсэн цагт улс орон хөгжих ч юм уу. Дараагийн үйл ажиллагаанууд явагдах байх” гэж бодож байна. Тэгээд манайд учирч байгаа хохирол мэдээж төсөөлснөөс их хэмжээтэй байгаа” гэсэн юм.

Түүнчлэн "Hi, sainuu" компанийн залуус дээрх түрээсийн үйлчилгээг эхлүүлэхдээ энэхүү үйл ажиллагаа Япон, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орны хотуудад хэрхэн явагдаж буй, хохирол эрсдэл ямар байдаг талаар судалгааг явуулахад, зарим хотод  хамгийн их нь 100-10 хувийн эвдрэл гардаг гэжээ. Гэтэл Улаанбаатар хотод 14 хоног үйлчилгээнд гарсан дугуйны 30 хувь нь өнөөдөр явах боломжгүй байдлаар эвдэрчээ.