ШУУРХАЙ: БНСУ-д хүчингийн хэргээр баригдсан Л.Мөнхбатын шүүх хурлын тов гарсан бол, түүний оронд Мандал сумын даргаар ажиллах хүний мэдээллийг АТГ-т ирүүлжээ

ШУУРХАЙ: БНСУ-д хүчингийн хэргээр баригдсан Л.Мөнхбатын шүүх хурлын тов гарсан бол, түүний оронд Мандал сумын даргаар ажиллах хүний мэдээллийг АТГ-т ирүүлжээ

БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат нь зургаадугаар сарын 4 /2023.06.04/-ний өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргээр тус улсад баривчлагдаад байгаа билээ.

Тэгвэл Л.Мөнхбатад холбогдох хэргийг шүүх гурав дахь удаагийн хурал энэ сарын 21 /2023.09.21/-ний өдөр Чежү аялал жуулчлалын тусгай бүсийн шүүхэд болохоор товлогджээ. Тус хурлаар түүнд ял оноох эсэхийг шийдэх аж.

Харин өнгөрөгч наймдугаар сарын 24 /2023.08.24/-ний өдөр болсон хоёрдугаар шүүх хурлаар Л.Мөнхбат гэм буруугаа хүлээж, хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүссэн гэдгийг Солонгосын хэвлэл мэдээлж байсан юм. Л.Мөнхбат нь ийнхүү БНСУ-д гэмт хэрэгт холбогдоод байгаатай холбогдуулж түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчоос нь чөлөөлж, түүнд оронд томилох хүний мэдээллийг ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг нь хянуулахаар АТГ-т хүргүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хэрэв тус газраас тухайн хүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчоор томилоход ашиг сонирхлын зөрчилгүй байна гэж үзвэл Л.Мөнхбатын оронд шууд томилох юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйлд, “Хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ” гэсэн заасан байдаг бол, мөн хуулийн 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. Харин БНСУ-ын Эрүүгийн хуулийн 299 дүгээр зүйлд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйл заасны дагуу шийтгэнэ” гэж заасан байдаг.