Сүүлийн өдрүүдэд хүйтний эрс чангарч байгаатай холбогдуулан иргэд согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэгслэснээс болж гар, хөлөө хөлдөөх тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн хэт их согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шинэ жилийн арга хэмжээнээс их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн үедээ нимгэн хувцастай гарч улмаар осгож амь насаа алдах зэргээр харамсалтай мэдээллүүд гарсаар байгаа юм.
-ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН АВТОМАШИНЫХАА ДЭРГЭД ОСГОЖ НАС БАРСАН БАЙЖЭЭ-
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр ил зогсоолын туслах замын хажууд эрэгтэй хүн хөлдсөн бололтой гэсэн дуудлага мэдээлэл арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 06:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 53 настай эрэгтэй Ц нь осгосон байж болзошгүйгээр нас барсан байсан аж.
Эх сурвалжийн мэдээллээр бол талийгаач согтуурсан үедээ автомашин руугаа явж байгаад ийнхүү ухаан алдаж улмаар осгож амь насаа алдсан гэв.
Мөн өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дулааны шугамаас нийт бие нь түлэгдсэн байж болзошгүй байдлаар нас барсан эрэгтэй хүний цогцос олджээ. Хүйтэн өдөр дулаацах зорилгоор ийнхүү дулааны шугам руу орж бүх бие нь түлэгдэж нас барсан байжээ. Уг хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундааны зүйлээс татгалзах, байгууллага хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа үедээ аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн байгууллага хамт олноороо баярын үйл ажиллагааны үеэр бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангах талаас зохих арга хэмжээнүүдийг авч байхыг онцгойлон анхааруулж байна.