УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын дөрвөн гишүүн өргөн мэдүүлээд байсан 50+26 гэсэн сонгуулийн тогтолцоог 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болгон өөрчлөх санал гаргасныг олонх дэмжлээ.
Түүнчлэн төсөлд “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх”, “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” гэсэн заалт нэмэх саналыг дэмжлээ. Улмаар төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгасныг иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл хандив өгч болохоор өөрчлөх саналыг дэмжив.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжээд байна.