Шүүхээс гавтайгаа оргон зайлсан "Мотив" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбаярыг дайчлан баривчилжээ

Шүүхээс гавтайгаа оргон зайлсан "Мотив" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбаярыг дайчлан баривчилжээ

"Мотив" хамтлагийн дуучин Жижигээ гэх нэрээрээ олонд танигдсан дуучин Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн. Түүнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчлах үед үзлэг шинжилгээгээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан ба бусдад зарж борлуулах гэж биедээ авч явсан байжээ.

Харин дуучин Г.Эрдэнэбаярыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи мансууруулах төрлийн бодис хууль бусаар хэрэглэсэн, биедээ хадгалсан, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр цагдан хорих шүүх хуралд оруулах гэж байх үеэр тэрээр гавтайгаа оргосон байна.

Шүүх хуралд орох гэж байх үедээ оргосон дуучин Г.Эрдэнэбаярыг орон даяар шуурхай эрэн хайх ажилллагаа явуулж улмаар шөнийн 2 цагт Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байна.

Дуучин Г.Эрдэнэбаяр нь 2018 оны зургадугаар сард хар тамхи хэрэглэсэн байхдаа цагдаагийнханд баригдаж, шүүхээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт зургаан сарын ял авсан байдаг. Одоогоор түүнийг давтан хар тамхи хэрэглэсэн, бусдад зарж борлуулсан, хууль бусаар хадгалсан зэрэг холбогдуулан шалгах бөгөөд давхар шүүхээс оргон зайлсан гэдгээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.