БАРИМТ: Н.Алтанхуягийн үед АН-ын байр, газар 7 тэрбум төгрөгөөр зарагдаж, жилийн дараа тус мөнгөнөөс 45 мянган төгрөг үлдсэн байжээ

БАРИМТ: Н.Алтанхуягийн үед АН-ын байр, газар 7 тэрбум төгрөгөөр зарагдаж, жилийн дараа тус мөнгөнөөс 45 мянган төгрөг үлдсэн байжээ

Соёл төв өргөө болоод Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах АН-ын төв байр буюу “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин болон газрыг буцааж өгөхийг тус намын зарим гишүүд Худалдаа хөгжлийн банк болон тус банкны эзэн Д.Эрдэнэбилэгээс шаардах болсон. Иймд өчигдөр /2023.08.21/ АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон хүлээн авч уулзан, ямартай ч АН-ыг байртай болгоё хэмээн тохирчээ.

Н.Алтанхуягийн үед зарагдсан АН-ын төв байр буюу “Хүзүүвч”

-АН-ЫН БАЙР, ГАЗРЫГ ЗАРСАН 7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС НЭГ ЖИЛИЙН ДАРАА 45 МЯНГАН ТӨГРӨГ ҮЛДЖЭЭ-

Тэгвэл АН-ын төв байр болох “Хүзүүвч”-ийг Н.Алтанхуяг тус намын даргаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай тодорхой нөхцөлийг тохирч, худалдсан байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 27 /2013.09.27/-ны өдөр АН-ын дансанд 7 тэрбум төгрөгийг “дуудлага худалдааны дэнчингийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатай шилжүүлжээ.

Гэтэл тус мөнгөнөөс нэг жилийн дараа буюу 2014 оны есдүгээр сарын 25 –ны өдөр гэхэд ердөө 45 мянган төгрөг үлдсэн байжээ.  

Тодруулбал, АН-ын байр, газрыг зарсан 7 тэрбум төгрөгийн 3,1 тэрбум гаруй төгрөг /1,3 болон 1,7 тэрбум төгрөг/-ийг 2013 оны аравдугаар сарын 1 –ны өдөр “зээл төлөв. ардчилсан нам” гэсэн утгатай гаргажээ. Ингээд үлдсэн мөнгө болох 3,8 тэрбум гаруй төгрөгийн ихэнх нь “Чек зарлага”, “Ардчилсан нам тооцоогоор” гэсэн гүйлгээний утгатайгаар 50 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэйгээр бэлэн болоод бэлэн бусаар гарсаар дуусаж, эцэст нь тус мөнгөнөөс нэг жилийн дараа 45 мянган төгрөг үлдсэн байна. Тухайлбал, 2014 оны хоёрдугаар сарын 27 –ны өдөр “Тооцоогоор Ардчилсан нам” гэсэн утгаар 2,5 тэрбум төгрөгийг гаргажээ. Харин энэхүү мөнгийг тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг нар юунд зарцуулсан нь одоо хэрнэ тодорхой бус байгаа ажээ. 

АН-ын байр, газрыг зарсан 7 тэрбум төгрөгөөс нэг жилийн дараа 45 мянган төгрөг үлдэж байжээ

АН-ын дансны гүйлгээ. 2013, 2014 он

-НАМЫН БАЙРЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ГЭЖ Н.АЛТАНХУЯГИЙГ АН-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ХАССАН УУ-

2009 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж 20 давхар “Ардчиллын өргөө” гэх байшин барихаар тухай үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын удирдлагууд хандивын аяныг орон даяар өрнүүлж байжээ. Ингээд “Ардчиллын өргөө”-нд хандив өргөсөн гишүүддээ бэлгэдэл болгон “тоосго” болон дурсгалын зүйлс өгч байжээ. Гэтэл Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаа 2014 оны арваннэгдүгээр сарын 14 /2014.11.14/-ны өдөр өгсөн. Харин 2019 оны дөрөвдүгээр сар /2019.04/-нд "Н.Алтанхуяг нь АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, намын байр эд хөрөнгийг зарж үгүй хийсэн” хэмээн түүнийг АН-ын гишүүнээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооноос гаргажээ. 

-АН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ ЁСТОЙ БАЙШИН БОЛОН ГАЗАР Х.БАТТУЛГА, Д.БАЯСГАЛАН НАРЫН ЭЗЭМШИЛ, МЭДЭЛД ОЧЖЭЭ-

Сонирхуулахад, 1996 онд МАН одоо байгаа “Тусгаар тогтнолын ордон”-ын газар дээрээ байсан цагаан байрыг өөрийг болгож авсан бол, АН-ыг бүрдүүлдэг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ “Ардчиллын ордон” байрыг, Ардчилсан социалист хөдөлгөөн “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан “Хүзүүвч” гэх байр”-ыг, МҮДН Төв шуудангийн урд С.Зоригийн хөшөөний хажуу талын байшинг тус тус авч, өөрийн гэсэн байртай болж байжээ.

Гэтэл гурвын гурван байртай байж болох АН өдгөө үйл ажиллагаа явуулах өөрийн эзэмшлийн байргүй болжээ. Товчхондоо, АН-ыг удирдаж байсан зарим хүмүүс тус намын байр болон газрыг нь бусдад зарж, өмчлөлийг нь шилжүүлжээ.

Тодруулбал, МоАХ-ны үйл ажиллагаа “Ардчиллын ордон” гэх байрандаа одоо ч явагддаг байна. Хачирхалтай нь, МоАХ нь 2015 оны долдугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий ганц хүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ. Иймд МоАХ-ны байр өдгөө Х.Баттулгын мэдэлд очсон гэсэн үг юм. 

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-г Х.Баттулга эзэмшиж байна. Эх сурвалж: УБЕГ

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны эзэмшиж буй газрын мэдээлэл

Харин Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшингийн газрын эрх өдгөө Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшилд очсон байна. Тодруулбал, тус газрыг эзэмших эрх “Ардчилалын өргөө” ХХК-д байгаа юм. Харин энэхүү “Ардчилалын өргөө” ХХК-ийг Голомт банкны эзэн Данзандоржийн Баясгалан ганцаараа эзэмшиж байна. 

Төв шуудангийн урд, С.Зоригийн хөшөөний дэргэдэх газрыг эзэмшдэг Д.Баясгалангийн “Ардчилалын өргөө” ХХК-ны мэдээлэл

“Ардчилалын өргөө” ХХК-н эзэмшиж буй газрын мэдээлэл




Өнөөдөр тахиа өдөр

58 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр

1 хоногийн өмнө