БНСУ-д оршин суудаг 22-25 насны Монгол Улсын гурван иргэн хар тамхи захиалан хүлээн авч, хил дамнуулан тээвэрлэх явцдаа баригджээ

БНСУ-д оршин суудаг 22-25 насны Монгол Улсын гурван иргэн хар тамхи захиалан хүлээн авч, хил дамнуулан тээвэрлэх явцдаа баригджээ

БНСУ-д суралцаж, ажиллаж буй Монгол Улсын иргэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох явдал энэ онд нэмэгджээ. Ингэхдээ хар тамхи худалдан борлуулах зорилгоор Вьетнам, Малайз зэрэг улсуудаас захиалж авах, хил дамжуулах наймаалах зэрэг тохиолдлууд гарчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ төрлийн гэмт хэрэгт 22-25 насны Монгол Улсын гурван иргэн холбогдсон байна. Ингэхдээ зүүн өмнөд Азийн улс орнуудаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл хийж, баригдсанаар өдгөө БНСУ-ын цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тодруулбал,

  • 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэн З нь Малайз улсаас хар тамхины төрөл болох  “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг БНСУ-д хүлээн авах зорилгоор олон улсын тусгай буухиа шуудангаар илгээн, хүлээн авсан.
  • 2023 оны зургаадугаар сард Монгол Улсын иргэн А нь Вьетнам улсын иргэнтэй хамсаж, тус улсаас олон улсын тусгай буухиа шууданг ашиглан “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг БНСУ-руу илгээж, хүлээн авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.
  • 2023 оны долдугаар сард Монгол Улсын иргэн М Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын боомтоор “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг Бразил улс руу тээвэрлэх гэж байгаад мөн үйлдэл дээрээ баригдаж, тус улсын цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Энэ мэтчилэн Монгол Улсын иргэд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх төрлийн гэмт хэрэгт өртөх, татагдан орон тохиолдол ихэсжээ.  Мөн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Он гарснаас хойш БНСУ-ын ЭСЯ-нд энэ төрлийн зургаан хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ эдгээр нь зөвхөн хэрэгт холбогдогч харьяа улсынхаа яаманд мэдэгдэхийг хүссэн тохиолдолд мэдэгдэж буй байдал. Үүнээс өөр ямар тохиолдлууд хэчнээн бүртгэгдсэнийг бид мэдэх боломжгүй” гэсэн юм.

Сонирхуулахад, БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ төрлийн гэмт хэрэгт хатуу бодлого баримталж хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулсан, бага насны хүүхдэд худалдсан, хэрэглэсэн хэмжээ, төрөл, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үү зэргийг харгалзан  зургаан сараас насаар нь хорих ялаар шийтгэж буй аж.

Түүнчлэн БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр 2023 оны зургаадугаар сарын 30-ы өдрийн байдлаар Монгол Улсын нийт 57,322 иргэн тус улсад урт болон богино хугацаагаар оршин сууж буй. Үүнээс хэлний бэлтгэлд 5,658, бакалавраас дээш сургалтад 7,035 нийт 12,693 оюутан БНСУ-д суралцаж байна. Иймд эцэг эхчүүдийг БНСУ-д суралцаж, ажиллаж буй хүүхдүүддээ анхаарал тавих, тус улсад суралцаж буй оюутан залуус энэ төрлийн гэмт хэрэгт татагдан орохгүй байх. Мөн өөрийн гэрийн хаягаа ашиглуулахгүй байхыг БНСУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ. 




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө