Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар зургаан жил ажилласан Ц.Шаравжамц өнгөрсөн оны зургаадугаар сард /2022.06/ өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд Б.Жаргалсайханыг томилж байсан билээ.
Тэгвэл Ц.Шаравжамцыг АТГ-аас шалгаж эхэлсэн бололтой. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй байна. Учир нь АТГ-аас Биеийн тамир, спортын улсын хороонд авлигын эрсдэлийг тодорхойлох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна. Ингэхэд нэлээд олон зөрчил, дутагдал илэрсэн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг нь шалгаж эхэлжээ.
Тухайлбал, Ц.Шаравжамц нь үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард спортын холбоодтой байгуулах гэрээний загварыг баталж, гэрээ байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Үндэсний шигшээ багийн хэрэгжилтийн хэлтэст үүрэг болгосон байна.
Гэтэл энэ нь бусдад давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг журамласнаас өөр үйл ажиллагаанд зарцуулах, завших, мөн хүнд суртал, чирэгдэл үүсгэх эрсдэлтэй байгааг АТГ-аас шалгаж тогтоожээ.
Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хороо нь жил бүр спортын 24 холбоотой санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулдаг бөгөөд, гэрээний дагуу жилд дунджаар 10-20 тэрбум төгрөгийг олгодог боловч гэрээний гүйцэтгэл, санхүүгийн зарцуулалт ямар ч хяналтгүй, гэрээний гүйцэтгэл гаргаж өгөөгүй холбоодод санхүүжилтийг нь үргэлжлүүлэн олгосоор байжээ.
Спортын холбоо тус бүртэй гэрээг байгуулж байгаа үнийн дүнг хэрхэн тооцсон үндэслэл, судалгаа, тооцоолол тодорхойгүй, хүлээгдэж буй үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт мөн тодорхой бус, хэрхэн гэрээ байгуулж, дүгнэж байгаа процесс нь ойлгомжгүй, цахим сан үүсээгүй байгаа нь Биеийн тамир, спортын улсын хорооноос уг үйл ажиллагаанд бодитой хяналт тавьж чадахгүй байгааг харуулж байна гэж үзжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлүүдийн холбоодтой гэрээ байгуулж олгосон санхүүжилтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн байна.
Мөн энэ нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, гэрээний гүйцэтгэлд санхүүгийн баримтыг хуурамчаар бүрдүүлэх, тамирчдад төсвийг олгохгүй дундаас нь завших, гадаад албан паспортыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад авч өгөх зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүд гарч байгаа аж.
Алба хаагчдын зэрэг дэвийг нэмэгдүүлэхдээ хууль зөрчиж, олон давхацсан ажлын байр бий болгож, урамшууллыг давхардуулан олгодог байсан нь шалгалтаар мөн тогтоогдсон байна.
Түүнчлэн албан гадаад паспортыг тамирчин, дасгалжуулагч нарт олгохдоо хууль, журам зөрчиж, тамирчин, дасгалжуулагч биш иргэдэд болон тус хорооны ажилтнууд албан үүрэг гүйцэтгэх, удирдамж, урилга байхгүй үед паспорт олгох тухай хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлж, давуу байдал олгосон байж болзошгүй байгаа аж.