Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцжээ.
Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулжээ.
Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.
Ингэснээр нийслэлийн авто зам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” гэжээ.
Ингээд тус хуралдаанаар авто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргав. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг ирэх өнөөдөр хийхээр тогтсон байна.