Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханы хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар бид өмнө нь удаа дараа мэдээлж байсан билээ.
Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хороо нь биеийн тамир, спортын үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг хуурамч бичиг баримт үйлдэж, төрийн бус байгууллагын дансаар дамжуулан гаргаж авдаг байсан нь АТГ-ын хяналт шалгалтаар тогтоогджээ. Мөн ажилтнуудад тусламж, урамшууллыг хавтгайруулан олгож, Төрийн өмч, төсвийн хөрөнгийг хувийн аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэн, урт хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулж, хувийн хэвшилд давуу байдал бий болгосон байж болзошгүй байгаа аж.
Тодруулбал, Агентлагийн даргын зардал гаргах тухай А тушаалаар спорт, биеийн тамирын уралдаан тэмцээнд олон төрлийн санхүүжилт, зардлыг гаргадаг бөгөөд, тушаал гаргахдаа зарим албан тушаалтны гарын үсгийг дуурайж зурах, бусдын өмнөөс гарын үсэг зурах, ийм тушаалаар тодорхойгүй зардал гаргах, гарсан зардлын тайлан, баримтыг хуурамчаар үйлдэх, эсхүл арга хэмжээнд зарцуулалгүй төрийн бус байгууллагын дансаар дамжуулан гаргаж авдаг байсан байж болзошгүй тохиолдлуудыг АТГ-аас илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
-СПОРТЫН ТӨВ ОРДНЫ ЗОГСООЛЫГ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОН АШИГЛУУЛДАГ БАЙНА-
Мөн тухайн агентлаг нь ажилтнуудад тусламж, урамшууллыг хавтгайруулан олгосноос гадна зуслангийн зориулалттай газар олгохдоо кадастрын зургийг төсвийн санхүүжилтээр өндөр үнийн дүнтэйгээр хийлгэж, Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон тус ордны зогсоолыг хууль, журам зөрчиж, бусдад давуу байдал олгож байсан нь тогтоогджээ.
Тухайлбал, Спортын төв ордны байранд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд сонгон шалгаруулалт явуулалгүй, түрээс төлбөр авахгүйгээр ашиглуулдаг байсан байна. Мөн тус байрны гадна талын 48,3 сая төгрөгийн балансын үнэлгээ бүхий авто зогсоолыг нийслэлийн өмчлөлд 2008 онд шилжүүлсэн гэх боловч энэ талаарх ямар нэгэн баримт бичиг байхгүй байгаа аж. Иймд эдгээр зөрчил, хууль бус үйлдлүүдийг АТГ-аас илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
-БОЛЗОЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭТГЭЭДЭД СПОРТЫН ЦОЛ, ШАГНАЛ, ЗЭРЭГ ДЭВ ОЛГОЖЭЭ-
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Жаргалсайханы 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны A/241 дугаар тушаалаар шагнал авсан иргэдийн мэдээлэл болон ажлын хэсгээс тулгасан мэдээлэл нь зөрүүтэй байжээ. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/120 дугаар зардал гаргасан тушаал дээрх нэрс хоорондоо зөрүүтэй зохих журмын дагуу шагнал олгосон эсэх нь тодорхойгүй бөгөөд холбогдох материал, бичиг баримт байхгүй 465 иргэнд шагнал, цол олгосон байж магадгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, болзол шаардлага хангаагүй этгээдэд спортын цол, шагнал, зэрэг дэв олгож, түүнийг дагасан давуу байдал бий болгох эрсдэлийг таслан зогсоох, цол, шагнал олгосон шийдвэр болон уг үйл ажиллагаанд аудит хийлгэж, зөрчлийг арилгах, цаашид цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, олгох бүртгэлийн цахим санг бүрдлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах нь зүйтэй гэж АТГ-аас үзжээ.