АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээжээ.
Тус захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын том хүү Т.Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард манай улсын баруун аймгуудад аялахдаа ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнчлэн тус захидалд Т.Жуниорыг “Lacey Act” хэмээн нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүссэн талаар News.mn сайтын мэдээлэлд дурьдсан байна. Уг хууль нь бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж. 2007-2018 оны хооронд АНУ-ын анчид 65 аргаль болон түүний эд эрхтнийг Монголоос импортолсон байдаг ажээ.