Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд дахин нэг иргэн гал нээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн галыг цагдаагийн алба хаагч нээсэн бөгөөд хийн буугаар буудаж, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад "39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан байжээ. Тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 40 минутын дараа 39 настай эрэгтэй Б-г Бөхийн өргөөний хажууд байрлах 22 дугаар байрнаас саатуулан шалгасан байна.
Түүнийг саатуулан шалгахад тухайн иргэн хоёр гартай хутгатай байсан бөгөөд гараа хутгатайгаа скочидсон байсан аж. Улмаар өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл гаргасан тул цагдаагийн албан хаагчид ярилцаж, аюулгүй болгохыг шаардсан ч "Би шийдсэн" хэмээн шаардлагыг нь хүлээн аваагүй байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн очиж, хэлэлцээр хийх эхэлжээ. Гэвч тухайн иргэн цагдаагийн байгууллагын биелүүлэх боломжгүй зүйлийг хүссэн тул цагдаагийн байгууллага албаны тусгай хэрэгсэл буюу резинэн сумтай буу хэрэглэж, үйлдлийг таслан зогсоосон байна.
Эрүүл мэндийн байгууллагын үзлэгээр тухайн иргэний биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах албан хаагчид хүлээлгэн өгчээ. Харин хутгалуулсан иргэн У-д анхан шатны тусламж үзүүлсэн учир биеийн байдал хэвийн байгаа юм байна. Тухайн иргэн нь 5 удаагийн ял шийтгэлтэй байсан нэгэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа О.Одонбаатар мэдээллээ.