Сүрэгт нь нийлсэн зургаан үхрийг "Эзэн нь олдохгүй олон хоног болсон" гэх шалтгаанаар зарж, эрүүгийн ялтан болжээ

Сүрэгт нь нийлсэн зургаан үхрийг "Эзэн нь олдохгүй олон хоног болсон" гэх шалтгаанаар зарж, эрүүгийн ялтан болжээ

Бусдын алдуул малыг эзэнд нь болон хуулийн байгууллагад мэдэгдэхгүй зарж, ашиг олох, бусдад дамжуулах зэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээх ялтай гэдгийг хуулийн байгууллагаас сануулж, сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэдэг. Гэвч хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, малчид эрүүгийн ялтан болсоор байгаа юм. 

Тухайлбал, Хэнтий аймгийн ... сумын иргэн малчин А.А нь өөрийнх нь үхэрт нийлж, олон хоног болсон зургаан тооны үхрийг "Хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй. Эзэн нь сураглаж ирээгүй. Олон хоног болсон" гэх шалтгаанаар "Үхэр худалдаж авна" гэх зарын дагуу найзынхаа хамтаар үхрүүдийг тээвэрлэн бусдад зарж борлуулсан байна. Тухайн үед үхрийн эзэн эрлийн үзүүр мухардсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байжээ. Харин үхрийн эзэн эхнэрээ амаржуулахаар аймгийн төв орох замдаа алдуул үхрээ бэлчээрт явж байхыг таньснаар эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эл хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх хэлэлцээд шүүгдэгч нарт “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оноосон байна. Иймд иргэдийг бусдын алдуул малын талаарх мэдээллийг хуулийн байгууллагад өгч, худалдан борлуулж эрүүгийн гэмт хэрэгтэн болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө