Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч оролцож, цагаан морийг сонгон тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч оролцож, цагаан морийг сонгон тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв

Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол өнөөдөр наймдугаар сарын 05-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ, "Уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл юм. Эртний их шүтээн, Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншилаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг. Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтнаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож байгаад төрийн тэргүүний хувьд баяртай байна. Хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээсэн нь үүний нэг тод жишээ” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Алтан овооны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн байна.

Ингээд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.