Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонссон.
Жил гаруйн хугацаанд ажилласан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргасан тухай дурдсан юм. Түүнчлэн Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна гэдгийг шалгалтын явцад тогтоосон байдаг аж. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Монголчууд 1 тэрбум 79 сая ам.долларын өрөнд орсон тухай байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон.
Мөн Оюутолгой төслөөс “Рио-Тинто" компани 2017 онд 744 сая ам.долларын өгөөж хүртсэн бол Монгол Улс 175 сая ам.долларын ашиг хүртжээ. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг эхний удаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Эл дүгнэлтэд тулгуурлан Оюутолгойн төслийг цаашид хэрхэхийг Засгийн газар шийдвэрлэх учиртай.
Тэгвэл энэ үетэй зэрэгцэн нийтлэлч Баабар нэгэн мэдээллийг өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна. Тодруулбал тэрбээр, "Өнөөдөр (2019 оны 05 сарын 29) Хятадын Коммнуист Намын ТХ-ны гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюу Толгойн далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо.
Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа" хэмээн жиргэсэн байна. Түүний энэхүү мэдээллээс харвал Оюутолгой орд тун удахгүй Хятад улсын мэдэлд очиж болзошгүй гэсэн хардлага, болгоомжлол бий билээ.
Өнөөдөр ХКН-ын ТХ-ы гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн ОТ-ын далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо. Зочидыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа.
— Baabar (@Baabarniitlelch) May 29, 2019