“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.
Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь болон Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр, хүргэн ах Г.Түмэнхүү, “Говь повер” компанийн төлөөлөгч Д.Баярмаа нарын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгаж, 2017 онд шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэл ногдуулж байсан юм. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх үүрэг өгч, хүргэн ах Г.Түмэнхүүг оруулсан. “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбумын урьдчилгаа болгож 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлүүлэх тушаал Я.Батсууриар гаргуулсан. “Говь повер”-ыг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан” хэмээн шүүхэд гомдол гаргаж, тус компанийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр “Говь повер”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ байгуулж, шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн билээ.