Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг Хэнтий аймгийн морины комиссынхон хассан нь маргаан дагуулсан.
Улмаар уяач Б.Отгонсэлэнгэ нь "Хэнтийн баяр наадмын зохион байгуулах комиссыг шүүхэд өгнө" гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Б.Отгонсэлэнгэ нь шүүхэд баяр наадмыг зохион байгуулах комисстой холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй" гэдгийг тодотголоо.
Өөрөөр хэлбэл "Өөрийнх нь морийг гадны морь гэдэг үндэслэлээр хасаж, Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр уралдуулсан морийг барьсан" хэмээн бухимдаж, баяр наадам зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан уяач Б.Отгонсэлэнгэ нь уг асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй байна. Үүнээс үзэхэд тэрбээр Хэнтийн аймгийн баяр наадам зохион байгуулах салбар комиссоос морийг нь хассан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байж магадгүй аж. Харин уг асуудалтай нэр холбогдсон Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүүг цагдаагийн дотоод хяналтаас албаны шалгалт хийж байгаа юм.