"Ардчилсан нам" дотоод үйл ажиллагаа болон үер усны нөхцөл байдалтай холбогдуулан намын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал хүсэлтийн талаар мэдээлэл өглөө.
АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, “АН-ын нийт гишүүд болон иргэдийнхээ дуу хоолойг сонсох үүднээс АН-ын дарга Л.Гантөмсөрийн санаачилгаар “Гишүүдээ дэмжье” аянг зохион байгуулсан бол энэ долоо хоногоос эхлэн гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс “Эдийн засгийн форум”-ыг зохион байгууллаа. Эдийн засгийн форумд нийт 750 гаруй оролцогчид оролцсон. Тэдний санал хүсэлтийг дүгнэн үзвэл,
- Төрийн бодлого хөрсөндөө буухгүй байна
- Төрд итгэх итгэл унасан
- Бизнес эрхлэх орчин бүрдээгүй
- Улс төр, үзэл санааны ялгаварлал хэт их
- Эдийн засаг өссөн гэсэн ч иргэдэд үр өгөөж байхгүй зэрэг саналаа тус тус илэрхийлсэн байна.
Мөн үүнээс хойш МАН хөөсөрсөн тоо баримтаар оноо цуглуулах бус иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийн орчин зэргийг бүх чиглэлээр бодит үр дүнд хүргэх цаг нь болсон гэдгийг бүсийн эдийн засгийн форумаас харж болохоор байна" гэсэн юм.
Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарыг дүгнэж үзвэл сүүлийн долоо орчим жилд дорвитой өөрчлөлт шинэчлэл гарсангүй. Зөвхөн нүүрсний экспортод эдийн засаг тулгуурлаж байна гэдгийг олон стратеги, судалгаа баталж байна. Улс төрийн нам тодорхой стратеги, зорилт, зорилгогүй бол дөрвөн жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрийн амлалтынхаа хойноос хэт их улайрч, улсын эдийн засгаа хөсөр хаядаг гэдгийг харлаа. Улс төрийн намуудын тухай хууль гарсан. 2024 оны сонгуульд бид маш хариуцлагатай байх ёстой.
Тиймээс АН “Стратеги бодлогын судалгааны хүрээлэн”-тэй болж, Монголын эдийн засгийн суурь өөрчлөлт шинэчлэлтийг хийж, үндсэн 10 том хөтөлбөр дээр анхаарлаа хандуулж, бодлого боловсруулж байна.
Мөн ХАА-н салбарт шинэ технологи ашиглаж, борлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд суур хөгжлийн бодлогуудаас гадна эрүүл мэнд, боловсролын салбараа хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна" гэлээ.