"Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ

"Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал өнөөдөр /2023.08.02/ албан ёсоор эхэллээ. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис "Цагаан оронд" угтан авч, тэд хоёр талын уулзалт хийлээ.

ВИДЕО: 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай К.Харрис Танд найрсаг, дотно үг хэлсэнд баярлалаа. Намайг болон манай төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч буйд талархал илэрхийлье. АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш эрчимтэй өргөжин хөгжиж байна. Монголыг эзэн Чингис хааны өлгий нутаг, Их Монгол Улсын гайхамшигт түүх, ногоон тал нутаг болон мөнх хөх тэнгэр зэргээр хамгийн их мэддэг.

1990-ээд онд Монголын ард түмэн ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бөгөөд Америкчууд биднийг “ардчиллын баянбүрд” хэмээн үздэгт бид баярладаг. Бидний хувьд АНУ нь стратегийн гуравдагч хөрш төдийгүй ардчиллын үнэт зүйлийг чиглүүлэгч Алтан гадас юм. Энэ завшааныг тохиолдуулан ардчилсан шинэчлэлт хийх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжсээр ирсэн америкийн ард түмэнд талархал илэрхийлье.

Ардчиллын өнгөрсөн 30 жилийн түүхэн замнал хялбар байгаагүй ч монголчууд бид үргэлж урагш тэмүүлсээр ирсэн, цаашид ч тэмүүлсээр байх болно. Нелсон Мандела нэгэнтээ “Ялагч гэдэг бол хэзээ ч бууж өгдөггүй мөрөөдөгч юм” хэмээн хэлсэн байдаг. Монголчууд бид ардчиллынхаа төлөө мөрөөдсөөр, тэмцсээр байх бөгөөд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилтуудаа ирэх 30 жилийн туршид хэрэгжүүлэхийн төлөө хичээх болно.

Миний бие Дэд Ерөнхийлөгч Тантай манай хоёр улс болон иргэд хоорондын хэлхээ холбоог илүү ойр дотно болгох Стратегийн түншлэлийн талаар нээлттэй, үр дүнтэй яриа хийхийн төлөө байна. Өндөр технологийн шийдэл, хиймэл оюун ухаан, сансар болон уур амьсгалын өөрчлөлт, геополитик зэрэг дэлхий дахиныг хамарсан асуудлуудаар ярилцах болно. Миний айлчлалын дүнгээр манай хоёр улс “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл” гаргаж, “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурах гэж байгаад баяртай байна. Эдгээр стратегийн баримт бичиг нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-аас илүү их хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Манай улс уул уурхайд голлон суурилсан эдийн засагтайг Та мэдэх биз ээ. Зэсийн хувьд бидэнд ирээдүй бий. Монгол Улс удахгүй зэс үйлдвэрлэгч дэлхийн эхний 4 улсын нэг болно. Цахилгаан машин, өндөр технологийн шийдлүүдэд нэн шаардлагатай тул Оюу Толгойн уурхайн зэс нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ач тусаа өгнө. Түүнчлэн энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтын нэгэн хэсэг болж буй юм.

Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, түүний дотор ноолуур, тээвэр ложистик зэрэг уул уурхайн бус олон салбарт бидэнд мөн ихээхэн нөөц бий. АНУ нь монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж ирсэнд талархалтай байдаг. Монгол Улс далайд гарцгүй ч оюун сэтгэлгээний хувьд түгжигдмэл биш үндэстэн билээ. Монгол Улс нь далайд гарцгүй 40 гаруй улс орны нэг. Бид тээвэр, ложистикийн ихээхэн сорилттой нүүр тулдаг тул далайд гарцгүй улс орнуудын эдгээр асуудлыг олон улсын тавцанд гаргахад та бүхнээс дэмжлэг хүсч байна.

Энэ удаагийн айлчлалаар манай хоёр Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Монгол, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна. Энэ нь аялал жуулчлал, худалдаа, бизнес болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон боломж юм.

Бид хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн түншлэлд зориулан хууль эрхзүйн орчноо сайжруулах, түүний дотор Үндсэн хуулийн реформ, цахим шилжилт болон авлигатай тэмцэх зэрэгт чиглэгдсэн олон алхмыг хийсэн. Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар саяхан хуульчилсан. Энэ нь тодорхой сорилт дагуулж ирсэн, энэ шийдэлд хүрэхийн тулд бид 20 гаруй жилийг зарцуулжээ. Энэ нь хойч үеийнхээ боловсролыг дэмжих томоохон алхам болсон гэдэгт итгэл төгс байна. Эдгээр амжилт нь гагцхүү АНУ зэрэг ардчиллыг удаан хугацаанд хөгжүүлж ирсэн улс орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн хүрээнд хадгалагдаж чадна. Энэ дашрамд дурдахад манай Засгийн газар Гүүгл компанитай цахим шилжилт болон боловсролыг дэмжих тухай гэрээг энэ долоо хоногт байгуулж байгаа. 

Миний бие Ерөнхий сайдын хувиар АНУ-д анх удаа айлчилж байгаадаа баяртай байна. АНУ-д суралцаж байсан сайхан дурсамж надад бий. Буцаж ирэх сайхан байна. Өчигдөр Жоржтаун хавиар, амьдарч байсан оюутны байрныхаа дэргэдүүр алхлаа. Зарим найзуудтайгаа уулзана гэж бодож байна. Дараагийн удаа Кэмбрижэд очиж, Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулиараа зочлох боломж гарна гэж найдаж байна. Миний айлчлал нь манай хоёр орны найрамдал, стратегийн түншлэлд шинэ хуудас нээсэн түүхэн айлчлал болно гэдэгт найдаж байна. Эрхэмсэг хатагтай Дэд Ерөнхийлөгч Танд биднийг халуун дотноор хүлээн авсанд дахин талархал илэрхийлье. Таныг Монгол Улсад хүлээн авахдаа таатай байх болно. Баярлалаа. Бидний хувьд өндөр хүндэтгэл юм" гэлээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө