"Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно" гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч мэдэгдлээ

"Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно" гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч мэдэгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал өнөөдөр /2023.08.02/ албан ёсоор эхэллээ. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис "Цагаан оронд" угтан авч, тэд хоёр талын уулзалт хийлээ.

ВИДЕО: 

Энэ үеэр Дэд Ерөнхийлөгч К.Харрис: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Та Цагаан ордонд тавтай морилно уу. Бид Таны энэхүү айлчлалыг хүсэн хүлээж байлаа. Бидний хувьд манай хоёр орны харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцох олон зүйл байна.

Монгол Улс нь өнгөрсөн гуч гаруй жилийн туршид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тулхтай ардчилсан улс, анд нөхөр байж ирсэн бөгөөд манай хоёр орны түншлэл нь бүс нутаг дахь тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хангахад тус дэм болж ирсэн. Америкийн ард түмний хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ирээдүй рүү харсан үлэмж ашиг сонирхол бий.

Номхон далайн гүрэн гэдгээрээ бахархдаг манай орны хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь нээлттэй, харилцан холбоотой, хөгжин цэцэглэсэн, аюулгүй болон бат бөх байх нь бидний ашиг сонирхолд чухлаар нийцэж байгаа юм. Ийм учир Ерөнхийлөгч Ж.Байден бид хоёр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тус бүр 3 удаа айлчлаад байна. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгчийн хувиар миний бие тус бүс нутгийн гуч гаруй орны лидертэй айлчлах үеэрээ, олон улсын арга хэмжээнүүдийн хүрээнд болон Та бидний өнөөдөр ийнхүү уулзаж байгаа шиг Вашингтон хотноо тус тус уулзаж байсан болно. 

Ерөнхийлөгч бид хоёр албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа эл бүс нутаг дахь аюулгүй байдлын оролцоогоо нэмэгдүүлж, батлан хамгаалахын болон сөрөн зогсох үүрэг амлалтуудаа улам бүр бэхжүүлэхэд төвлөрөх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд тус бүс нутгийн болон Америкийн ард түмэнд өсөлт авчрахад чиглэгдсэн нэлээд амбицтай болон урагшаагаа харсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй. Холбоотон, түнш орнуудын хамтаар бид хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын тулгуур болсон олон улсын дэг жаяг, хэм хэмжээг тус бүс нутагт болон дэлхий дахинд хамгаалж ирсэн.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийгдэж буй дээр дурдсан нийт ажил нь Байден-Харрис-ын Засаг захиргааны тэргүүлэх чиглэл болох бүс нутаг дахь холбоотны болон түншлэлийн харилцааг бэхжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй юм.

Ерөнхий сайд аа, эдгээр нь бидний өнөөдрийн уулзалтын чухал сэдвүүд байх болно. Бидний хувьд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг үргэлжлүүлэн бэхжүүлэх, уур амьсгалын хямрал зэрэг дэлхий дахиныг хамарсан сорилтуудыг хамтран давахад хийгдэж ирсэн ажлаа үргэлжлүүлэх болон ардчилал, хүний эрхийг дээдлэн хамгаалах, олон улсын эрх зүйт тогтолцоонд учирч буй аюул заналхийлэл зэрэг сэдвээр ярилцах бодолтой байна. 

Өнөөдөр бид түншлэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд чиглэгдсэн дараачийн алхмуудын талаар ярилцахыг зарлаж байгаадаа таатай байна. Ялангуяа бид сансрын хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар ярилцах болно. Саяхан Та бид хоёр шинэ эрин үе эхэлж байгаа талаар болон энэ нь Таны хувьд, Таны алсын зорилтод хэрхэн тусч буй талаар товч ярилцсан билээ. Сансрын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь мэдээж эдгээр сэдвийн нэг нь байх бөгөөд ялангуяа сансрын хамтын ажиллагаагаараа дамжуулан бид манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг хэрхэн бэхжүүлэх талаар ярих болно.

Түүнчлэн бид Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд энэ нь АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох боломжийг нээх юм. Бидний зүгээс соёлын солилцоо, түүний дотор Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно. Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтуудыг хэрхэн дэмжиж болох талаар хамтран ярилцана.

Эдгээр зүйл нь АНУ-ын зүгээс Монгол Улс болон бүс нутаг дахь манай анд нөхдийн төлөө тууштай байгаагийн илэрхийлэл юм. Эрхэм Ерөнхий сайд аа, Та дахин тавтай морилно уу. Тантай ярилцахдаа таатай байх болно. Баярлалаа" гэжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө