Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шүүх хуралдаан өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өчигдөр миний бие сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амины хэрэг хийсэн мэтээр дайрч доромжлуулж байгаад тайлбар хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй.
Нэг зүйлийг онцолход, Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.
Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэсэн юм.