Өчигдөр буюу энэ сарын 13-ны манай сайтын сурвалжлах баг сурвалжилга бэлтгэн явж байх үед цагдаагийн байгууллагынхан хэргийн газар дээр ажиллаж байгаатай таарсан юм. Тэнд шинжээчийн баг сэжигтэн этгээдийн автомашинд үзлэг шалгалт хийж байсан бөгөөд албаны өндөр нууцлалтай ажиллаж байсан юм.
Эх сурвалжийн мэдээллээр бол есөн настай охиныг гэрийнх гаднаас машинд хүчээр суулгаад ууланд аваачин хүчиндсэн этгээдийг ийнхүү илрүүлэн баривчилсан байжээ.
Тодруулбал, Тухайн хохирогч охиныг сэжигтэн этгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс буюу гэрийнх нь орчмоос машинд суулган Сонгинохайрхан дүүргийн Хамрын овоотой уулан дээр охиныг аваачин, хүчирхийлсэн байна.
Хэрэгт холбогдогч этгээд энэхүү бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргийг өчигдөр 11 цагийн орчимд үйлдсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 2 цагийн орчимд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэйгээ оролцож байх үед нь баривчилсан байна.
Бидэнд олдсон мэдээллээр, сэжигтэн этгээд бага насны хүүхэд хүчиндсэн аймшигт гэмт хэргийн олуулаа буюу бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа ба мөрдөн байцаалтын явцад эцсийн байдлаар тогтоогдох юм байна.
Одоогоор бусад этгээдүүдийг мэдүүлэгт үндэслэн тогтоохоор Цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай ажиллаж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхлээд байна. Сэжигтэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
-БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН БОЛ БҮХ НАСААР НЬ
ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-
Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлэх нь Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгагдан, шийдэгддэг. Тодруулбал, бага насны хүүхдийг хүчиндсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэдтэй эцэг эх болон асран хамгаалагч та бхэн хүүхдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хичээл сургууль амрах үед хүүхэд хохирсон гэмт хэрэг ихэсдэг бөгөөд ганцааранг нь гадагш гаргахгүй байхыг онцгойлон сануулж байна.