Т.Баярхүү: Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас хуурайшилт ихтэй байгаа нутагт ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэнэ

Т.Баярхүү: Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас хуурайшилт ихтэй байгаа нутагт ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэнэ

УОК-оос өнөөдөр цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Долоодугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас  нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 сумд голын ус эргээсээ хальсан, үерт автсан дуудлага, мэдээллүүд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Үерт орон сууцны барилгууд, айлын гэр, хашаа, байшин, албан байгууллага, ААН-ийн офисын барилга өртөж, хохирсон. Улсын болон орон нутгийн чанартай авто замууд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замууд эвдэрсэн. Мөн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн гэмтлүүд учирсныг холбогдох байгууллагууд тухай бүрд нь сэргээн засварлах арга хэмжээг авч ажилласан. Долоодугаар сарын 26-нд УОК-оос Засгийн газарт зарим асуудлыг танилцуулснаар Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд эвдэрсэн гүүрийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлахаар шийдвэрлээд байна. Гашуунсухайт боомтод нүүрсний авто зам болон төрийн байгууллагуудын дэд бүтцэд учирсан гэмтлийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр засварлана.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуух айл өрх, албан байгууллагуудад учирсан хохирлыг сэргээн засварлах ажлууд хийгдэж байна. Холбогдох үнэлгээг хууль журмын дагуу хийгээд УОК-т танилцуулсны дараа хохирлын үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор голын дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллах, камерын хяналт тавих, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэх, голын дагуу эрсдэлтэй байршлуудад хориглосон тэмдэг байршуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдолд бүртгэгдэж, 37 хүн амь насаа алдлаа. Үүний 25 нь том хүн, 12 хүүхэд.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны ослын тохиолдлыг эрэн хайж байна. Гол усны түвшин нэмэгдсэн үед гарамгүй газраар гарах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, өөрсдийн машин техникт хэт найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орох, анхаарал болгоомжгүй байх зэргээс шалтгаалан усны осол гарч байгаа.

Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжлэх тул иргэд гол усны эрэг орчмоор амрах, отоглох нь нэмэгддэг. Голуудын үерийн түвшин хэт нэмэгдсэн, үерийн хүчтэй урсгалын улмаас эргийн хөрс зөөлөрч, нурах эрсдэлтэй байдаг учир голын эргээс хол байрлахыг онцгойлон анхаарах шаардлагатай. Амралт, зугаалгын үеэр харамсалтай нөхцөл байдал гарч байна. Иргэд бие биедээ шаардлага тавьж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөхийг зөвлөе.

Үерийн аюултай бүсээс хол амрах, гэр байшин хашаагаа эрсдэлээс хамгаалж далан шуудуу ухах зэргээр урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Хүүхдийг голын эрэг рүү 200 метрээс дотогш оруулахгүй байх, малчид, иргэд гол гатлахдаа заавал гүүр, гармаар гарах, голд хийлдэг завь, гудас ашиглахгүй байх, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас хуурайшилт ихтэй байгаа нутагт ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэнэ. Иймд ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишээ замбараагүй хаяхгүй байхыг анхааруулж байна.

Өчигдөр Завхан аймгийн Баянтэс суманд ой хээрийн түймэр гарч, унтраасан. Иймд хэт халалтын араас буюу наймдугаар сарын 1-нээс түр зуурын болон аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээлсэн учир зөвлөмж, анхааруулгыг дагаж мөрдөхийг хүсье" гэлээ.