Нитх-аас авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмж жижиг машин 100 мянган төгрөг, том машин 300 мянган төгрөгийн жил бүр жолооч нар төлж байхаар болсон. Энэхүү шийдвэрийг Хууль зүйн яаманд танилцуулснаар хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл цацагдаж байгаа билээ.
Харин энэхүү хураамж гэнэт огцом нэмэгдэх болсонтой холбоотойгоор төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл өнгөрсөн даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр автомашинтай жагсаалыг эхлүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргад энэхүү шийдвэрээ эргэн харах тухай чиглэл өгсөнтэй холбогдуулан жагсагчид жагсаалаа хоёр өдөр хойшлуулаад байсан юм.
Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн автомашинтай жагсаалаа үргэлжлүүлж байгаа бөгөөд зарим замын хөдөлгөөнийг хаасан байна. Автомашинтай жагсагчид Сүхбаатарын талбайн хоёр талаар цуваагаар явж байгаа бөгөөд оройн 18.00 цаг хүртэл дээрх үргэлжилнэ юм байна.