Монголчууд шинэ жилийн баярыг маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байна. Яг энэ цаг үед шинэ жилийн баярын өдрүүд болж цэцэрлэгийн багачуудаас эхлээд төрийн албан тушаалтан, хувийн хэвшлийн бүх албан хаагчид шинэ жилийн арга хэмжээ зохиож өдөр бүр баярын арга хэмжээ болж буй. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал их байгаа бөгөөд цаашлаад гэмт хэрэг, зөрчил их гарч байгаа ажээ.
Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд цахим орчноос бараа бүтээгдэхүүн худалдан авч залиулах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн эд зүйлээ хаяж гээгдүүлж улмаар зөрчил мэтээр цагдаагийн байгууллагад хандах, баярын арга хэмжээний үеэр бусдын эрүүл мэндэд халдах, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байна.
Мөн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнээс хэт их согтуурсан үедээ гарч улмаар гудамж талбайд осгож бие эрхтнээ хөлдөөхөөс гадна, гэмтэж бэртэх нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна.
Хамгийн харамсалтай охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоногийн туршид шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Олон хоног мацаг барьснаас үүдэн нэг эмэгтэй нас барсан харамсалтай тохиолдол гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж.
Талийгаач эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нас барсан ба ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байгаа юм байна. Харин одоогоор нас барсан шалтгааныг нь нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад хандаад байгаа гэнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс иргэд та бүхэн шинэ жилийн арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, цахим орчноос элдэв бараа бүтээгдэхүүн худалдан авч залилуулахгүй байх зэрэг зохих зүйлүүд дээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.