Ромын хамба лам Франциск есдүгээр сард ердөө 1500 орчим католик шашинтантай, Орос, Хятад хоёр том гүрний дунд шахагдсан, Төв Азийн улс болох Монголд айлчилсан анхны хамба лам болох талаар Америкийн ABCnews нийтэлжээ.
Энэхүү айлчлалыг Зөвлөлтийн үед Монгол Улсыг хяналтандаа байлгаж байсан Орос улс болон эдийн засгийн бодлогоор дамжуулан нөлөөгөө үзүүлэхийг эрмэлзэж буй Хятад улсууд анхааралтай ажиглаж байгаа тул геополитикийн хувьд асар их ач холбогдолтой айлчлал гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Тус нийтлэлд, Ромын пап лам өмнө нь Орос болон Хятад улсын алинд нь ч айлчилж байгаагүй. Ромын пап Франциск есдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо очих бөгөөд Сүхбаатарын төв талбайд, Монголын алдар суугийн бэлгэ тэмдэг болсон 13-р зууны үеийн их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд угтан авах ёслол болно.
Тэр өдрийн орой Ромын пап Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцоно.
Азийн номлогчийн мэдээллийн байгууллагын редакцийн зохицуулагч Жоржио Бернаделли хэлэхдээ, “Монголд ердөө 1500 орчим католик шашинтан, 77 номлогч, ердөө нэг бишоп байна. Тиймээс Казахстан, Киргизстан, Узбекистан зэрэг өөр улсуудаас бишоп, санваартнууд оролцох магадлалтай” гэжээ.
Ромын пап лам ням гаригт “Степпе Арена”-д олон нийтийн ёслол хийх бөгөөд өглөө нь уулзалтад үг хэлсний дараагаар олон нийтийн өмнө гарч ирэх юм. Ингээд сүүлчийн өдөр тэрбээр "Нигүүлслийн өргөө" буяны байгууллагын нээлтийг хийнэ" гэжээ.
Мөн Бернаделли хэлэхдээ, “Зөвлөлтийн засгийн үед албан ёсоор шашингүй үзэлтэн байсан бөгөөд одоогийн байдлаар Буддизм хамгийн том шашин нь болсон тус үндэстэнд "Нигүүлслийн өргөө" сүм урагшлах замыг илтгэнэ. Монгол Улс Москвагаас эрчим хүчний бүх хэрэгцээгээ хангадаг. Мөн нүүрс, зэс зэрэг уул уурхайн экспортынхоо 90 гаруй хувийг урд хөрш Хятад Улсад нийлүүлдэг бөгөөд төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахыг хичээж ирсэн улс юм” гэжээ.