Б.Болороо: Ерөнхий сайд шаардлага хүлээж аваад 30 хонолоо. Би дахин тэмцэхэд бэлэн

Б.Болороо: Ерөнхий сайд шаардлага хүлээж аваад 30 хонолоо. Би дахин тэмцэхэд бэлэн

Иргэн Б.Болороогийн гэр бүлийн хүн Б.Амгалан энэ оны зургадугаар сард ажлын байран дээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин түүний нөхрийг амиа алдах үеэрээ “согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон” байсан тухай Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар тэрээр энэ оны аравдугаар сард хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдээлсэн юм.

Тэрээр энэхүү Шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж “Манай нөхөр нэг ч удаа ажлын байран дээрээ архи уудаггүй байсан. Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна” гэж мэдэгдээд Сүхбаатарын талбайд суулт зарласан билээ. Харин түүнтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга н.Баатаржав нар уулзаж, “дахин шинжээчийн баг томилуулна” гэж мэдэгдэн, түүнийг тэмцлээ зогсоохыг хүссэн билээ. Харин энэ үеэр Б.Болороо ““Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гарч ирээд энэ асуудал шийдэгдэхгүй. Та бүхнийг ард түмэн сонгосон. Ард түмэн анхааралдаа авсан байгаа” гэж хэлж байсан юм.

-Б.БОЛОРОО ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ РҮҮ МЕССЕЖ БИЧЖЭЭ-

Тэгвэл өнгөрсөн сарын хугацаанд Б.Амгалан агсны үхлийн шалтгааны талаарх Шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлт гараагүй байгаа бололтой. Учир Б.Болороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан түүний гар утас руу мессеж илгээжээ. Тэрээр “Сайн байна уу та? Би талбай дээр амь үрэгдсэн нөхрийнхөө нэрийг цэвэрлэх гэж суулт хийсэн Б.Болороо байна. Та талбай дээр гарч ирээд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хоног боллоо. Одоо болтол шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна. Би таны амлалтад итгээд тэмцлээ зогсоосон хэрвээ ингээд олны массыг дарах гэж гал унтраасан бол би дахин тэмцэхэд бэлэн. Надад одоо алдах юм, айх юм байхгүй болохоор юу ч хийхэд бэлэн байна. Иймд та дахин анхаарч өгөөч” гэж бичжээ.

-ТЭРЭЭР ТАЙЛБАРТАА-

Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна. Олны массыг өөр зүгт чиглүүлэх зорилготой гал унтраасан үйлдэл биш гэдэгт итгэхийг хүсэж байна. Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, СХД-н цагдаад итгэн 3 сар амаа үдүүлж суугаад нөхрөө АРХИЧИН МЭТ, АРХИНЫ ХАЛУУНДАА ӨӨРӨӨ ХИЙХ ЁСГҮЙ АЖЛАА ДУРАНДАА ХИЙСЭН мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо ХҮЛЭЭЛТ гэх зүйл байхгүй.

30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна. Тэсвэр алдан ЕС-руу мсж илгээлээ. Та бүхэн энэ постыг шэйрлэж туслаарай. Шөнө ч унтаж чадахгүй галзуурахад ганц хуруу дутуу байна. Эд зүйлээ биш энэ биенийхээ талыг алдаад цочирдолд орсон хүн хэргийн араас ингэж явна гэдэг үнэхээр маш их сэтгэл санааны хямралд давхар оруулж байна. Ядаж үнэн зөвөөр шийдүүлж нэрийг нь цэвэрлээд авбал цээжин доторх буглаа минь багасах байх гэж найдаж байгаа юм. Замхраад дахин түүх давтагдахвы гэхээс айж байна. Оноос өмнө ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулмаар байна” гэжээ.