Банк байгуулах зөвшөөрөл хүссэн MCS-ийн өргөдлийг шийдвэрлэхийг Монголбанканд даалгалаа

Банк байгуулах зөвшөөрөл хүссэн MCS-ийн өргөдлийг шийдвэрлэхийг Монголбанканд даалгалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанканд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцсэн байна. Нэхэмжлэгч “М Си Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид буюу Монголбанканд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, MCS-д банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Монголбанканд даалгасан байна.