УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа нар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, "Экспортолж буй махны үнэ хямд байгаа. Манай улсын аж ахуйн нэгжүүд махаа экспортод гаргахдаа нэгнийхээ санал болгосон үнээс доогуур үнээр гэрээ хийчихдэг. Энэ өвөл гэхэд Узбекистан руу адууны мах 3.5 ам.доллароор гэрээ хийгээд экспортолж байхад ААН-үүд 2.5 ам.доллар хүртэл буулгаад ашиггүй болгож байсан. Ийм учраас ХХААХҮЯ, Махны холбоо хамтарч, хонь, үхэр, адууны махыг экспортлох доод үнийн бодлогыг хэрэгжүүлж байгаа" гэв.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа "Гоц халдварт өвчний гурван вакциныг гаднаас авдаг. Бусад 20 орчим төрлийн вакцин, оношлуурыг Монголын био үйлдвэрт үйлдвэрлэдэг. Нийт 1,600 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна. 330 суманд нэг тасаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 1,400 орчим малын эмч бий" гэлээ.
ҮЗЭХ: