Дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Улаанбаатар хотноо чуулж байна. Жил бүрийн 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулдаг. Харин манай улс энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар улсдаа анх удаа зохион байгуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үеэр, “Монгол Улс жендэрийн тэгш байдлыг дотоод болон гадаад бодлогодоо нэгэн адил эрхэмлэдэг. Монгол Улс ямагт эмэгтэйчүүдээ дээдэлж ирсэн түүхтэй орон. Эмэгтэйчүүд маань Их хааддаа төрийн хэргийн талаар зөвлөж, тэдний дуу хоолой улс төрд жинтэй байсан түүх бий. Түүхийн тухайн цаг үед Зүүн болон Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европын улс орнуудтай явуулж байсан дипломат үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцож байсныг түүх гэрчилдэг. Энэ бүхэн нь манай өвөг дээдэс эмэгтэйчүүдийнхээ чадавх болон ур чадварыг дипломат болон стратегийн үйл ажиллагаандаа хөшүүрэг болгон ашиглаж, дипломат харилцаа тогтоох, урт хугацаанд энхийн холбоо тогтооход давуу талтайг хүлээн зөвшөөрч байсны илрэл юм.
Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг тэртээ 1924 онд баталсан анхны Үндсэн хуульдаа тусгаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, улс төрд оролцох зэрэг иргэний бусад эрхийг хуульчилж өгсөн байдаг” гээд цаашид удирдлага, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах талаар манай улсад хийх зүйл их байгааг онцолсон юм.
Энэ уулзалт хурлаар,
-Уур амьсгалын өөрчлөлт,
-Хүнсний аюулгүй байдал,
-Энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг гэсэн 3 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж байна.
Эхний хуралдаан буюу Уур амьсгалын өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэгт эмэгтэй сайд нар оролцож байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.