Өчигдөр нийгмийн сүлжээнд хар тамхины хэргээр өдгөө шүүхээс хорих ял авч 461-р ангид хоригдож буй дуучин Б.Амархүүг хорих ангиас гарсан байна гэх мэдээлэл гарсан. Түүнийг хорих ангиас гэнэт гарч улмаар суртчилгаанд тоглож байна гэх мэдээлэл нийтлэгдсэн байна.
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж улмаар ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд хоёр жилийн хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Харин хар тамхины хэргээр ял эдэлж буй дуучин Б.Амархүү хорих ангиас гарсан эсэхийг холбогдох байгууллага болох ШШГЕГ-аас тодруулахад, “Хорих ангиас гарсан зүйл байхгүй. Худал мэдээлэл байна. 461-р хорих ангид шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа” гэв.
Сануулахад, Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм. Түүнийг сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр жил хорих ялаар шийтгэсэн.