Үндсэн хууль болон сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж УИХ-ын 126 гишүүнтэй байхаар тогтож, тэдний 78 гишүүнийг нь тойргоос, 48 гишүүнийг нь намын жагсаалтаар сонгохоор болсон. Харин нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйс /эмэгтэй/ байна гэдгийг хуульчилж өгсөн.
Энэ утгаараа МАН болон АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тэргүүлэх нь анхаарал татаж байна. Учир нь улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болсноор сонгуулийн жагсаалтад эхний аравт бичигдэх нь тодорхой болоод байгаа юм.
Харин өнөөдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч С.Одонтуяа тус албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан байгаа юм. Иймд түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болж УИХ-ын сонгуулиар жагсаалтад бичигдэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн марафон тус нам дотор эхэлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болохоор намынхаа удирдлагуудтай уулзаж байгаа аж. Гэтэл тус намын дарга Л.Гантөмөр АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо болоод залуучуудын холбооны тэргүүнийг тодруулахад нөлөөлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Фортуна Н.Батбаярын охин Б.Жаргаланг дэмжиж байгаа аж. Улмаар тус холбооны тэргүүнд А.Адъяасүрэн, Б.Жаргалан нараас гадна Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг, С.Эрдэнэтэй нэг хэсэг улс төрд хамтарч, шоронд ч хамт хоригдож явсан Д.Үүрийнтуяа, “Найрамдал” зуслангийн захирал асан Д.Оюунцэцэг нарын бүсгүйчүүд өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа ажээ.