Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхэллээ

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхэллээ

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм.

Уулзалтыг ХБНГУ, БНФУ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд нар нь биечлэн оролцож байна.

Уулзалтад дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд, Австрали, Мозамбикийн Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд  цахимаар оролцож байна.

Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Монгол Улс ч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендэрийн зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн юм. Энэ уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр болно.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.