Д.Гантулгын хэргийн шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн гурван эмчийн хурал дахин хойшлов

Д.Гантулгын хэргийн шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн гурван эмчийн хурал дахин хойшлов

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарын холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлсэн ч хойшлов.

Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дүгнэлтийг зориудаар хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж улмаар яллагдагчаар татагдсан. Тэгвэл тэднийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдсон ч дахин хойшлох шийдвэр дөнгөж сая гарлаа. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг аж.




Өнөөдөр гахай өдөр

26 минутын өмнө