Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг ламхай хамт сурдаг ах нартаа хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Уг асуудалд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан байр сууриа илэрхийлж, ХЭҮК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан "ХЭҮК-оос нөхцөл байдалтай холбоотойгоор Гандангийн дотуур байранд шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэ долоо хоногт хийнэ гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хариуцсан гишүүн болох миний бие Өмнөговь аймагт ажиллаж байсан тул шалгалт хийж чадаагүй. Манай байгууллагад энэ талаар өмнө мэдээлэл ирж байгаагүй. Ялангуяа шинэ гишүүд томилогдсоноос хойш шавилан сууж байгаа хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэсэн гомдол ирж байгаагүй. ХЭҮК-оос 2012 онд шавилан сууж байгаа хүүхдүүдийн асуудлаар судалгаа хийж байсан юм билээ. 13 дахь илтгэлдээ энэ талаар тусгасан.
Үндсэндээ шалгалтаар дотуур байрны орчин нөхцөл, хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг хамгаалж, хөгжүүлж байгаа хүний нөөцийн чадавх боловсон хүчний асуудлыг хөндөнө. Ер нь, дотуур байранд хувийн орон зайнаас бусад газар камер байршуулж болно. Тэнд үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камер байршуулж болно. Мөн дотуур байрны норм, норматив гэж байдаг. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ 20 мкв. Ер нь манай дотуур байрнууд шаардлага хангахгүй байгаа. Тиймээс УИХ-ын 35 дугаар тогтоол гарч, дотуур байруудыг шинэчлэх үүрэг даалгаврыг Засгийн газар өгсөн.
ХЭҮК-ын үндсэн чиг үүрэг хяналт тавих ёстой байгууллага, хүүхдийн эрхийг хангах ёстой байгууллагууд нь чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх дээр хяналт шалгалтыг хийдэг. Тэгэхээр бид очиж хүүхдийг хамгаалж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх боломж байхгүй. Тэр тусмаа сэтгэлзүйн зөвлөгөө нарийн мэргэжлийн мэргэжилтний үзүүлдэг үйлчилгээ. Тиймээс бид асуудал гарсан бол хэрэг зөрчил гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэг хэрэгжүүлэх байгууллагууд нь хангалттай чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх дээр дүгнэлт хийж санал гаргадаг.
2021 онд хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. 2022 онд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Үндсэндээ манай хүүхэд хамгааллын тогтолцоо үр дүнгүй байна. Ажиллахгүй байна гэдэг дүгнэлтийг бид хэлж байгаа гэлээ.