Оросын Вагнерын группийн арын хуаран пуужингийн цохилтод өртөж, олон тооны хөлсний цэрэг амиа алдсан байна. Энэ талаар тус группийн эзэн Е.Пригожин, "Бид энэ харгислалд хэрхэн хариулахаа шийдэх болно. Дараагийн алхам бол биднийх” гэсэн дуут мессеж үлдээсэн ба тэрээр тус үйлд явдалд Оросын Батлан хамгаалах яамыг буруутгасан байна.
Е.Пригожин, “Бидэнд 25 мянган хүн байгаа бөгөөд яагаад тус улсад эмх замбараагүй байдал үүсч байгааг олж мэдэх болно. Бид энэ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэжээ.
Иймд өнөөдөр /2023.06.24/ ОХУ-ын Мөрдөн байцаах алба хууль ёсны дагуу, үндэслэл бүхий байдлаар Е.Пригожинд эрүүгийн хэрэг үүсгэж, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 279-р зүйлд заасны дагуу зэвсэгт бослого зохион байгуулсан гэж буруутгажээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Вагнерын арын хуаранд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цохилт өгсөн тухай Е.Пригожины нэрийн өмнөөс олон нийтийн сүлжээгээр тараасан бүх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд энэ бол өдөөн хатгалга. ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Зэвсэгт хүчинтэй байлдааны шугам дээр цэргийн тусгай ажиллагаа явуулж буй бүс нутагтаа байлдааны даалгавраа үргэлжлүүлэн гүйцэтгэж байна” гэжээ.
Тэгвэл өнөөдөр /2023.06.24/ Вагнерын группийн арми, зэвсэг техник ОХУ-ын газар нутаг руу явж эхэлсэн тул Оросын дотоод хэргийн яам, Үндэсний гвардийн нийт бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд оруулж, Украинтай хиллэдэг постуудыг бэхжүүлэх тушаал гаргажээ.
Энэ хүрээнд Москвагийн төвд цэргийн техникийг байрлуулсан байна. Мөн Москвад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, бүх чухал байгууламж, төрийн эрх мэдэл, тээврийн дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалалтад авлаа гэж ТАСС мэдээлжээ.